Германд 2020 онд татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн 100 тохиолдол илэрчээ. Энэхүү мэдээллийг ХБНГУ-ын төсвийн мөнгөний зарцуулалтыг хянадаг ТББ Германы татвар төлөгчдийн холбоо (BdSt) –ноос жил бүр гаргадаг “хар ном”-нд тэмдэглэжээ. 27-ны өдөр нийтэд дэлгэсэн энэ баримтаас DW агентлаг хамгийн зохисгүй зарцуулсан 5 төслийг нэрлэсэн байна.
Хэрэггүй гүүрэнд хэдэн зуун мянган евро үржээ: Доод Саксон мужийн Гифхорн хотод байдаг түүхэн гүүрний урсгал засварт 200 000 евро зарцуулжээ. Өдгөө энэ гүүр амьдралд огт хэрэггүй болсон зүйл юм. Гүүрний доогуур урсдаг ус нь аль эртнээс том нуга болон хувирч, дээгүүр нь хүмүүс явган гардаг болжээ.
Яг ийм тохиолдол Хамбург хотод ч гарсан байна. Энд 2,5 сая еврогоор Дэлхийн хоёрдугаар дайны үед нурсан, суваг дайруулсан явган хүний гүүр засчээ. Гэтэл энэ байгууламжаас ердөө л 100, 200 метрт өөр хоёр гүүр байдаг аж.
1.8 сая еврогийн дисконы газар: Германд эрчим хүчний өөр нөөцөнд шилжсэнийг алдаршуулахад чиглэсэн нэгэн өвөрмөц, үнэтэй төсөл Германы татвар төлөгчдийн холбооны шүүмжлэлд өртжээ. Тус улсад 3 жилийн турш Dance Cube хэмээх нүүдлийн дисконы газар аялан тоглосон байна. Энэ дисконы газар нь бүжиглэж байгаа хүмүүсийн кинетик энергийг эрчим хүч болгон хувиргадаг аж. Зохион байгуулагчид нь залуусыг бүжгийн хөдөлгөөнөөрөө эрчим хүчээ гаргаж, дуу, гэрлийн төхөөрөмжийг ажиллуулдаг, эрчим хүчнээс хараат бус гэж баталдаг.
Гэвч үнэн хэрэгтээ энэ нь реклам төдий зүйл байж. Зохион байгуулагчдын мэдэгдлээс гадна бүжгийн талбайд эрчим хүчний өөд нөөц ажиллахаас өөр аргагүй болдог, зочдын хөдөлгөөн хэтэрхий бага эрчим хүч гаргадаг нь тодорхой болжээ. Үр дүнд нь Dance Cube төсөл татвар төлөгчдийн мөнгөнөөс 1,8 сая евро хумсалсан байна.
Ашиггүй том зочид буудалд 7 сая евро баржээ: Германы татвар төлөгчид ХБНГУ-ын хуучин нийслэл Бонн хотын ойролцоох “Петерсберг” хэмээх тансаг хэрнээ ажилладаггүй зочид буудлыг байлгахын тулд багагүй мөнгө зарцуулж байна. Германы Засгийн газрын зочдын өргөө хэмээх статустай олон жил байсан энэ зочид буудлыг одоо ч холбооны хөрөнгөөр тэтгэдэг байна. Цогцолбор 100 гаруй жилийн түүхтэй бөгөөд олон хаан, алдартнууд энэ зочилж байжээ. Тухайлбал, Их Британийн Ерөнхий сайд асан Невилл Чемберлен, ХБНГУ-ын анхны канцлер Конрад Аденауэр, Зөвлөлтийн генсек Леонид Брежнев, Далай лам нар айлчилж байсан.
Хэдийгээр Германы нийслэл Берлинд шилжиж ирээд удаж байгаа ч “Петерберг”-т одоо ч олон улсын чухал үйл явдлыг зохион байгуулдаг. Бусад үед бараг хүнгүй байдаг энэ зочид буудлын алдагдал 2013 оноос хойш 7 сая орчим евро болжээ.
Хэтэрхий хүнд галын машинууд: Холбооны Гессен мужийн Эшборн хотын захиргаа 680 000 еврогоор галын машин худалдан авчээ. Гэтэл уг машинууд нь хэтэрхий хүнд буюу нэг бүр нь 17 тонн жинтэй байсан гэнэ. Өөрөөр хэлбэл ийм төрлийн тээврийн хэрэгслээс даруй 1 тонноор илүү гэсэн үг.
Харамсалтай нь хотын захиргаа үүнийг худалдан авсныхаа дараа анзаарчээ. Ингээд автомашинуудыг ашиглалтад оруулалгүй, нийлүүлэгчид рүү нь гэрээний дагуу буцаасан боловч 440 000 еврогоо л эргүүлэн авсан байна.
Гишүүд Африкт айлчилсан нь: Германы холбооны татвар төлөгчдийн холбооны анхааралд мөн холбооны Рейнланд-Пфальц мужийн парламентын гишүүдийн Буркина-Фасо, Сенегал улсад 2020 оны нэгдүгээр сард хийсэн айлчлал өртжээ. Таван өдрийн айлчлалд Германы татвар төлөгчдийн 50 000 орчим евро үргэдсэн байна. Нийт 20 орчим хүн айлчлалд оролцжээ. Энэ хоёр улсад хийсэн айлчлал 5 цаг гаруйн хугацаанд үргэлжилсэн бөгөөд Германы зочид төлөөлөгчид мал аж ахуй, сүүний ферм, бусад объектууд гээд гишүүдийн ажилтай хамааралгүй газруудад хамаг цагаа үрсэн байна.
Эх сурвалж: Dw.com
Орчуулагч: Марта