Энэ сарын 24-ны өдөр ОХУ-ын Пермь хотноо Оросын алдарт балетчин Екатерина Сергеевна Максимовагийн нэрэмжит Олон улсын балетын “Арабеск” тэмцээний нээлт болжээ.
Энэхүү нээлтэд зориулан В.Гаврилины бүтээл “Анюта” балетын гол дүрд Монголын балетчин Р.Булган тоглосон байна. Харин “Анюта”-гийн эцэгт балетчин, багш, театрын найруулагч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев бүжиглэсэн байна.
Монгол болон Ази хүн балетын түүхэнд Владимер Васильевийн “Анюта”-гийн дүрд тоглосон тохиолдол байгаагүй аж. Харин Монголын балетчин Р.Булган нь “Анюта”-гийн дүрийг бүтээсэн анхны монгол төдийгүй ази балетчин боллоо. Балетчин Р.Булган нь Анютагийн дүрийг гурав хоногт суран, бэлтгэн мэргэжлийн өндөр төвшинд тайзнаа амилуулсан байна.
Р.Булган Герман улсад төрсөн бөгөөд бага наснаасаа балетын урлагаар гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшийн шавь болон хичээллэсэн аж. Тэрбээр одоо Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн Театрын балетын гоцлоочоор ажиллаж байна.
Л.Баяр