Манай гаргийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын эхний аравт бичигддэг эрхмүүдийн хөрөнгө даваа гарагт 14.4 тэрбум ам.доллароор буурсныг “Bloomberg” агентлагийн “Bloomberg Billionaires Index” (BBI)-ийн мэдээлэл харуулжээ.
Даваа гаргийн арилжаа дууссаны дараа “BBI” чансааны эхний 10-т багтдаг ердөө хоёрхон тэрбумтний хөрөнгө өсжээ. Эдгээр нь “Tesla” болон “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, “Amazon”-ыг үндэслэгч Жефф Безос нар аж. Маскийн хөрөнгө 2.88 тэрбум ам.доллароор, Безосынх 236 сая ам.доллароор өссөн бөгөөд тэрбээр жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байна.
Харин “Forbes” сэтгүүлд мэдээлж буйгаар, дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө нэг өдрийн дотор 17 тэрбум ам.доллароор буурчээ. Эхний аравт багтдаг баян хүмүүсээс хөрөнгийн хэмжээ нь буураагүй цорын ганц бизнес эрхлэгч нь Жефф Безос аж. “Forbes” сэтгүүлийн мэдээллээр, “Tesla” компанийг үүсгэн байгуулагч 66 сая ам.доллар алджээ.
Тэрбумтнууд хэдий хэмжээний хөрөнгө алдсаныг Америкийн хөрөнгийн зах зээлийн даваа гаргийн арилжааны мэдээлэлд үндэслэсэн тооцоолжээ. Даваа гаргийн арилжааны явцад “Dow Jones” индекс 2.3 хувиар унасан бол “S&P 500” индекс 1.9 хувиар буурч, “Nasdaq” цахим хөрөнгийн биржийн индекс 1.6 хувиар уруудсан байна.
Д.Жаргал : МОНЦАМЭ