Өнөөдөр Монгол Улс НҮБ-ын гишүүнээр элсэн орсон өдөр тохиож байна. Монгол Улс Сан-Францискогийн гэрээ батлагдсан 1946 онд НҮБ-д элсэхээр өргөдөл гаргасан боловч тэр үеийн “капиталист” хэмээгдэх улсуудын эсэргүүцэлтэй тулгарсан. Түүнээс хойш 15 жилийн дараа 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэхь орон болж бүртгүүлж байжээ.
Монгол Улсын санаачилгаар НҮБ нь 1970-аад оныг “Бичигтэн болох 10 жил” хэмээн зарлаж байв. Түүнчлэн Монгол Улс нь НҮБ-ын цөмийн зэвсгийн эсрэг тэмцлийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрийг Цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласан билээ.
АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 26-нд НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт болов. Тус уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгч оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, “Covid-19” цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, шинэ технологиос үүдэлтэй сорилтууд, тэдгээрийг даван туулах зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлэв.
Уулзалтад Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин үг хэлэв. Тэрбээр хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хөнөөлт дайны дараа байгуулагдсан НҮБ нь олон талт хамтын ажиллагааны хүчирхэг тавцан болж төлөвшсөн ба 75 жилийн өмнө баталсан НҮБ-ын дүрэм эдүгээ ч олон улсын эрх зүйн гол баримт бичиг хэвээр байгааг цохон тэмдэглэв.
Л.Баяр