Монголбанк нь цахим хуудсаараа дамжуулан мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллүүдийг олон нийтэд хуваарийн дагуу тогтмол түгээн ажиллаж байна.
Мөн үүний зэрэгцээ олон улсын стандартыг нэвтрүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх зэргээр статистикийн чанарыг сайжруулах тал дээр анхаарч байгаа. Үүний хүрээнд Төв банкнаас бэлтгэн гаргадаг статистик мэдээллийг олон нийтэд хэрэглэхэд хялбар, ойлгомжтой болгон хүргэх зорилгоор Монголбанкны Статистикийн цахим хуудас -ыг ашиглалтад оруулан, олон нийтэд нээлттэй болголоо.
Шинээр ашиглалтад оруулж буй статистикийн цахим хуудас нь эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн дүрслэл, тоон мэдээллийг хугацаан цуваагаар харуулж байгаа бөгөөд мөнгө санхүүгийн болон гадаад худалдааны тойм, зургийн багц, статистикийн сарын бюллетень, мэдээлэл тархаах хуваарь зэрэг Монголбанкны Статистикийн хэлтсээс боловсруулан гаргаж буй бүхий л тоон мэдээлэл, танилцуулгыг цогцоор нь нэг дороос авах боломжтой боллоо.