Тээврийн цагдаагийн алба 2020.10.24-25-ны өдрүүдэд нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 481 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан. Ослын улмаас 16 хүн гэмтсэний 5 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр-2
– Мөргөлдөх хэлбэрээр-2
– Онхолдох хэлбэрээр-3
– Өнхрөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2020.10.24-ний 04 цагийн орчим Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 1 дүгээр багийн нутаг “Оргихын ар” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд Toyota Corolla Д жолоочтой автомашин онхолдож, зорчигч 42 настай, эрэгтэй, Б, 42 настай, эрэгтэй, П нарын 2 хүний амь нас хохирсон.
2020.10.24-ны 16 цагийн орчим Өвөрхангай аймаг Баруунбаян-Улаан сумын 4-р баг Бумбат хороолол 1 дүгээр гудамжны үзүүрт /сумын төвд/ шороон замд улсын дугааргүй GH Gold А жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 29 настай, эрэгтэй А нас барсан .
2020.10.25-ны 02.30 минутын орчим Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Нүүрс тээврийн хатуу хучилттай замын 2 дахь км” асфальтан замд Howo маркийн О жолоочтой автомашин North Benz маркийн Д жолоочтой автомашинтай мөргөлдөж, 39 настай, эрэгтэй, О-н амь нас хохирсон байна.
2020.10.24-ний өдрийн 20.14 цагийн орчимд СХД-н 3 дугаар хороо Их нарангийн зам, Арвайн үндэс ХХК-ийн хойд замд Nissan Note автомашины жолооч Х нь явган зорчигч нэр, хаяг тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон.
2020.10.25-ны өдрийн 14.25 цагийн орчимд СХД-н 32 дугаар хороо Эмээлтийн зам, “Шунхлай” шатахуун түгээх станцын зүүн замд Zoomlion автомашины жолооч Ч нь Hyundai Porter У, Hyundai Porter Н, Toyota Prius М, Hyundai Accent Б, Volvo FH-480 О жолоочтой автомашинуудтай мөргөлдөж, жолооч 58 настай, эрэгтэй Ч, зорчигч 31 настай, эмэгтэй Б нарын 2 хүний амь нас хохирч, 6 хүн гэмтсэн байна.
2020.10.25-ны 15.30 цагийн орчим Хэнтий аймаг Цэнхэрмандал сумын 3 дугаар багийн нутаг “Хонгорын талын адаг” гэх газар /сумын төвөөс баруун урд зүгт 30км/ шороон замд ЗИЛ-131 маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч Б Nissan X-Trail М жолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 34 настай, эрэгтэй М, зорчигч 37 настай, эрэгтэй З нарын 2 хүний амь нас хохирсон байна.
Мөн амралтын өдрөөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж ажиллажээ. Давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 256 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.
Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.