УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хууль зүйн байнгын хорооноос өмнө нь гаргасан саналын дагуу Ерөнхийлөгчөөр өргөн барьсан Шүүхийн тухай гурван хуулийг буцаах нь зүйтэй гэж үзсэн.
Мөн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүх, хуулийн байгууллагын удирдлагуудыг өөрчилдөг хуулийн 2019 оны эхээр УИХ баталсан. Үүнийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг манай 13 гишүүн өргөн барьсан байгаа. Энэ хуулийн төслийг Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явар нь зүйтэй гэдэг шийдвэрийг бүлэг үзлээ.
-Шүүхийн тухай тухай хуулийн шинэчлэх хүрээнд ямар тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж бүлэг үзэж байгаа вэ. Байнгын хороо ямар санал дээр үндэслэж Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн тухай хуулийг буцаах шийдвэр гаргасан бэ?
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийг буцаая гэдэг шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо дөрөвдүгээр сард гаргасан.
Гол үндэслэл нь бичилтын 80 хувь нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй адилхан байна. Шууд хэлэхэд копи паст.
Зарчмын зөрүүтэй 4-5 асуудал байгаа. Засгийн газрынхаас өөр концепцийн шинэчлэл хийх гээд байгаа асуудал байхгүй.
Хоёрдугаарт, Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл дэх өөрчлөлтөөр шүүгчдийг томилогдсон болон сонгогдсон албан тушаалтнуудаас хараат байдлыг нь болиулах гэж хийсэн. Гэтэл өргөн баригдаж байгаа төсөл дээрээ хуульчдаас шүүгчдийг олж сонгох үүрэгтэй ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд дахиад л өөрийнхөө томилгооны нөлөөллийг хадгалах гэсэн байр сууриуд байгаа. Тиймээс Үндсэн хуулийн үзэл санаандаа нийцүүлж хуулийн өөрчлөлтийг хийх ёстой учир Ерөнхийлөгчийн хуулийг буцаах нь зүйтэй гэдэг санал гаргаж байгаа юм.
-ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагын удирдлагыг чөлөөлдөг болсныг хүчингүй болгоё гэдэг дээр бүлэг нэгдсэн гэж ойлгож болох уу?
-Тийм. Энэ асуудлыг Шүүхийн тухай хуулийн төсөлтэй хамтатган шийдэх нь зөв юм.