Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл байдлын судалгааг Фридрих-Эбертийн Сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэлийн Хүрээлэн 2019 онд гаргажээ.
Тодруулбал, 19 аймаг болон Улаанбаатар хотын 260 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 1100 сэтгүүлчдээс тэдний хөдөлмөрийн нөхцөл, байдлын судалгааг авчээ.
Судалгаагаар Монголын сэтгүүлчид ажлын ачаалал өндөртэй ч харьцангуй бага цалин хөлстэй, ирээдүйн баталгаа султай нөхцөлд ажиллаж байна гэдэг үр дүн гарсан. Ихэнх тохиолдолд ажил олгогчид өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй хөдөлмөрийн хуулийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, илүү цаг эсвэл амралтын өдөртэй холбоотой заалтуудыг дагаж
мөрддөггүй, хууль зөрчдөг аж.
Судалгаагаар сэтгүүлчид болон салбарын бусад ажилтнууд хэдийгээр хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч ажил, мэргэжилдээ дуртай, эрхэлсэн ажилдаа сэтгэл хангалуун байдаг нь харагдаж байна. Сайн сэтгүүл зүйн суурь болсон идэвх зүтгэл, ажилдаа хэзээд бэлэн байх зэрэг мэргэжлийн онцлогтой холбоотой дэмжлэгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд дутдаггүй байна. Өөрөөр хэлбэл, сэтгүүлзүйн чанарыг дээшлүүлж, Монголын ардчилалд бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийг хүсэж байвал хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх нөхцөлийг эрс сайжруулах шаардлагатай.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувийнх нь өрхийн сарын дундаж орлого улсын дундаж хэмжээнд хүрэхгүй байна
Ажилчдын эрхийг хамгаалах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах шалгарсан арга бол салбарын ажиллагсад үйлдвэрчний эвлэлийн зохион байгуулалтад орж үйлдвэрчний эвлэлийн байгууллагаа байгуулах гэдэг нь нэгэнт батлагдсан. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарт хөдөлмөр эрхэлж байгаа хүн бүр эвлэлдэн нэгдэж зохион байгуулалтад орох талаар эргэцүүлж нэг сайн бодож үзэх нь зүйтэй” гэж Фридрих-Эберт сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Доктор Нийлс Хегевиш дүгнэжээ.
Судалгаанд оролцогсдын өрхийн гишүүдийн тоо дунджаар дөрөв, ажил эрхэлдэг гишүүдийн тоо дунджаар хоёр байна. Нийт судалгаанд хамрагдагсдын талынх нь өрхийн орлого 1,200,000 хүртэлх төгрөг байна. ҮСХ-ны 2018 оны IV улирлын тайланд дурдсанаар нэг өрхийн сарын дундаж орлого 1,201,880 төгрөг гэжээ. Энэхүү баримжаагаар үзвэл, хэлбэл хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувийнх нь өрхийн сарын дундаж орлого улсын дундаж хэмжээнд хүрэхгүй байна.
Өрхийн орлого
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын өрхийн орлогын эх үүсвэрийг тодруулахад 97 хувь нь тогтмол цалин, 16 хувь нь өрхийн бизнес, 14 хувь нь тэтгэвэр, тэтгэмжийн орлогоос, бусад хэлбэрээс 18 хувийг бүрдүүлдэг гэж хариулжээ. Үүнээс үзэхэд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын өрхийн орлого улсын дунджаас бага хэдий ч, нэмэлт орлого олох, тухайлбал ажлын хажуугаар бизнес эрхлэх боломж хомс байна.
Таван өрх тутмын хоёр нь өрхийн орлогын хүрэлцээ дунд зэрэг, гурван өрх тутмын нэг нь өрхийн орлого хүрэлцдэггүй гэж хариулжээ.
Өрхийн орлогын хүрэлцээг байршлаар нь харьцуулахад орон нутагт нөхцөл байдал хүнд байна. Тухайлбал, Улаанбаатар хотод өрхийн орлогын хүрэлцээ “дунд зэрэг” гэж дийлэнх нь үнэлсэн бол орон нутагт өрхийн орлого “хүрэлцдэггүй” гэж үнэлсэн нь илүү олон байв.
Ажлаа сольсон шалтгаанд цалин хөлс бага, зарим тохиолдолд цалингаа өгөхгүй байх, өсөх дэвжих боломж тааруу, бүтцийн өөрчлөлтөд орсон, хамт ажиллагсад болон удирдах ажилтны зөрчил гэх мэт шалтгаанууд түгээмэл байна.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 92 хувь нь хөдөлмөрийн гэрээтэй, 7 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй, 1 хувь хөдөлмөрийн гэрээтэй эсэхээ хэлж мэдэхгүй ажил хөдөлмөр эрхэлж байна.
Ажлын цаг
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг ажиллаж байгаа нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд (5-р бүлгийн, 70-р зүйл, 70.2-р заалт) заасан хугацаанаас 1.1 цаг буюу 66 минутаар илүү байна. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд (9.3 цаг) эмэгтэйчүүдээс (9.0 цаг) 0.3 цаг буюу 20 минутаар илүү ажилладаг. Насны хувьд 41 – 60 насны эрэгтэйчүүд (10.1-10.7 цаг), 21-25 насны эмэгтэйчүүд (9.6 цаг) бусдаасаа илүү цагаар ажиллаж байгаа бол 18-21 насны эмэгтэйчүүд өдөрт дунджаар 8 цагаар хөдөлмөр эрхэлж байна.
Салбараар нь харвал телевиз, сонинд ажиллагсдын ажлын цаг илүү урт байна.
ТУРШИЛТААР АЖИЛЛАСАН ХҮМҮҮСИЙН 90 ХУВЬ НЬ 1-3 САРААР АЖИЛЛАЖЭЭ
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын талаас илүү нь нийтээр амрах баярын өдрүүд болон амралтын өдрөөр ажилласан ч амралтаа нөхөж биеэр эдэлж чадахгүй байна. Нийтээр амрах өдрүүдэд ажилладаг хүмүүсийн тал хувь нь илүү ажилласан хөлсөө авдаггүй бол таван хүн тутмын хоёр нь амралтын өдөр ажилласан цалингаа нөхөж авдаг гэж хариулжээ. Харин арван хүн тутмын нэг нь амралтын өдрөөр ажилласны хөлсөө авдаг, эс авдгаа хэлж мэдэхгүй байлаа. Нийтээр амрах өдрүүдэд ажилласан ч илүү ажилласан цагийн хөлс олгодоггүй гэж хариулсан 30 хүртэлх насны эмэгтэйчүүд илүү олон байгаа бол 31-40 насны ангилалд эрэгтэйчүүд давамгай байна. Нийтээр амрах өдрүүдэд ажилласан тохиолдолд цалин нөхөж олгодоггүй гэж хариулсан гурван хүн тутмын хоёр нь телевизийн салбарт ажиллаж байгаа бол газар зүйн байршлын хувьд онцын ялгаагүй байв. Тухайн байгууллагад 1-с дээш жил ажилласан хүмүүсээс ээлжийн амралтаа эдэлсэн эсэхийг тодруулахад гурван хүн тутмын хоёр нь ээлжийн амралтаа биеэр эдэлсэн хэдий ч ээлжийн амралт эдэлж үзээгүй хүн цөөнгүй байна.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын сарын дундаж цалин 664,000 төгрөг (татварын дараах) байна. Энэ нь ҮСХ-ны 2019 оны I улирлын нийгэм эдийн засгийн тайланд дурдсанаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 909,000 (татварын дараах) төгрөгөөс 245,000 төгрөгөөр бага байна. Түүнчлэн 1,200,000-аас доош цалинтай ажиллагсдын дунд эмэгтэйчүүд давамгай, нэн ялангуяа 500,000 хүртэлх цалинтай эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү байна. Эсрэгээрээ, 1,200,000-1,500,00 төгрөгийн цалинтай эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 2.4 дахин илүү байгаа нь анхаарал татаж байна. Цалингаас гадна нэмэлт урамшуулал авдаг эсэхийг тодруулахад гурван ажилтан тутмын хоёр нь цалингаас гадна нэмэлт урамшуулал авдаггүй аж.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдаас тухайн байгууллагад ажиллаж эхлэхдээ туршилтын хугацаагаар ажилласан эсэхийг асуухад 54 хувь нь “Тийм” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл хоёр хүн тутмын нэг нь хэвлэл мэдээллийн байгууллагад шинээр ажилд орохдоо туршилтын хугацаагаар ажилладаг. Туршилтаар ажилласан хүмүүсийн ихэнх нь (90%) 1-3 сараар ажиллажээ. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд (63%) давамгайлж байна.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад хамт олны уур амьсгалдаа хамгийн сэтгэл хангалуун байсан бол авч байгаа цалиндаа сэтгэл ханамж хамгийн муу байв.
ДҮГНЭЛТ
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал хувь нь өрхийн дундаж орлогоороо улсын дундаж хэмжээнд хүрэхгүй байна. Улаанбаатар болон орон нутагт ажиллагсдын гурван өрх тутмын нэг нь сард 800,000 – 1,200,000 хүртэлх төгрөгийн орлоготой байна.
- Ажлын байрны статусын хувьд 91 хувь нь үндсэн ажилтан, 6 хувь нь гэрээт ажилтан, чөлөөт уран бүтээлч, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тус бүр 1 хувь байв. Үндсэн ажилтны 59 хувь нь эмэгтэйчүүд байна. Телевизийн салбарт түр гэрээгээр ажиллуулах хандлага түгээмэл (60%) байна.
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дийлэнх нь одоогийн байгууллагадаа 3 хүртэлх жил ажиллаж байна. Хэдийгээр нэг байгууллагад дунджаар 3 хүртэлх жил ажиллах хандлага түгээмэл буй ч, хэвлэл мэдээллийн салбарт тууштай ажиллах нь нийтлэг аж. Ялангуяа радио (42%) болон сонинд (39%) ажиллагсдын олонх нь тухайн салбартаа 10-с дээш жил ажиллажээ. Хоёр хүн тутмын нэг нь ажиллах хугацаандаа ажлын байраа сольж байсан, ялангуяа телевизийн салбарт нэг байгууллагаас нөгөөд “шилжиж” ажиллах явдал түгээмэл байна.
- Хэвлэл мэдээллийн салбарт анх ажилд орохдоо ажлын байрны зарын дагуу орох нь хамгийн түгээмэл бөгөөд үүний дараа дадлага хийсэн байгууллагадаа үлдэж ажиллах тохиолдол орж байна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын 92 хувь нь хөдөлмөрийн гэрээтэй, 7 хувь нь хөдөлмөрийн гэрээгүй, 1 хувь хөдөлмөрийн гэрээтэй эсэхээ хэлж мэдэхгүй ажил хөдөлмөр эрхэлж байна. Радиод хөдөлмөрийн гэрээгээр тогтвортой ажиллах хандлага илүү түгээмэл бол сонин сэтгүүлд ажиллагсдын дунд гэрээгүй ажилтан олон байна. Гэрээгүй ажиллаж буй хүмүүсийн тал нь (45%) сэтгүүлч, уран бүтээлчид байв.
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад өдөрт дунджаар 9.1 цаг, 7 хоногт дунджаар 52 цаг буюу 7 хоногийн 6.5 өдөр ажиллаж байна.
- Ялангуяа телевиз, сонинд ажиллагсдын ажлын цаг илүү урт, мөн ерөнхий эрхлэгч, захирал болон сэтгүүлчид олон цагаар ажилладаг. Газар зүйн байршлын хувьд орон нутагт 7 хоногт дунджаар 56 цаг буюу Улаанбаатарт ажиллагсдаас 8 цагаар илүү ажилладаг. Албан тушаалын хувьд Улаанбаатарт сэтгүүлч, уран бүтээлчид илүү олон цагаар ажиллаж, орон нутагт ерөнхий эрхлэгч, захирал олон цагаар ажиллаж байв
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын талаас илүү нь нийтээр амрах баярын өдрүүд болон амралтын өдрөөр ажилласан ч амралтаа нөхөж биеэр эдэлж чаддаггүй. Нийтээр амрах өдрүүдэд
ажилласан ажиллагсдын тал хувь нь цалингаа нөхөж авдаггүй. - Тус салбарт ажиллагсдын нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 664,000 төгрөг (татварын дараах). Энэ нь ҮСХ-ны 2019 оны I улирлын нийгэм эдийн засгийн тайланд дурдсанаар нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 909,000 (татварын дараах) төгрөгөөс 245,000 төгрөгөөр бага байгааг харуулж байна. 1,200,000-аас доош цалинтай ажиллагсдын дунд эмэгтэйчүүд давамгай байгаа бол 1,200,000-аас дээш, 2,000,000-аас дээш цалинтай ажиллагсад дунд эрэгтэйчүүд олон байна.
- Энэ салбарт ажиллагсдын 89 хувь нь НД, ЭМД-ын шимтгэлээ төлдөг. Орон нутагт ажиллагсдын НД, ЭМД-ын шимтгэл төлөлт Улаанбаатартай харьцуулахад муу байна. НД, ЭМД-ын шимтгэл төлдөггүй
хүмүүсийн дунд сэтгүүлч, уран бүтээлчид (75%) болон эмэгтэйчүүд (62%) давамгай байна. - Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын тал нь Хөдөлмөрийн тухай хуулийн талаар “Ерөнхийдөө мэддэг” бол гурван хүн тутмын нэг нь “Сайн мэдэхгүй”.
- Хоёр хүн тутмын нэг нь хэвлэл мэдээллийн байгууллагад шинээр ажилд орохдоо туршилтын хугацаагаар ажилладаг. Туршилтаар ажилласан ажиллагсдын 90% хувь нь 1-3 сараар цалинтай ажилладаг.
- Хэвлэл мэдээллийн байгууллагуудын 90 хувь нь хөдөлмөрийн дотоод журамтай. Нийт ажиллагсдын тал нь байгууллагын дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтуудтай бүрэн нийцдэг гэв. Нийцдэггүй гэж хариулсан ажиллагсдын дунд сэтгүүлч, уран бүтээлч (49%) илүү олон байна.
- Хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн тухай хуультай зөрчилддөг гол шалтгаан нь илүү цагийн цалин, хөлс тооцож олгодоггүйтэй холбоотой аж.
- Хэвлэл мэдээллийн байгууллага орон тооны цомхтгол хийх тухай мэдээллийг таван хүн тутмын нэгд нь урьдчилж мэдэгддэггүй. Урьдчилж мэдэгдээгүй тохиолдол нь сонин, сэтгүүлийн салбарт илүү олон байгаа бол газар зүйн байршлын хувьд орон нутагт түгээмэл байна.
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын гурван хүн тутмын нэг нь ажилтан болон ажил олгогчийн хооронд зөрчил маргаан гардаг гэж үзсэн байна. Цалин хөлс, өдөр тутмын ажлын гүйцэтгэл, ажлын ачаалал, хувь хүн хоорондын үл ойлголцол, ажил амралтын цаг гэх мэт шалтгаанууд түгээмэл байна.
- Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын гурван хүн тутмын нэгд нь хөдөлмөрийн харилцааны талаарх эрх зүйн зөвлөгөө авах хэрэгцээ шаардлага гардаг. Зөвлөгөө авах хэрэгцээ шаардлагатай ажиллагсдын дийлэнх нь Хөдөлмөрийн тухай хууль, хуулийн шинэчлэл, практик хэрэглээний талаарх зөвлөгөөг авах шаардлага хэрэгцээ илэрхийлж байна.
- Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсад хамт олны уур амьсгалд хамгийн сэтгэл хангалуун, авч байгаа
цалиндаа сэтгэл ханамж хамгийн муу байна. Шийдвэр гаргах түвшний ажилтнуудын сэтгэл ханамж дундаас дээш буюу сайн байгаа бол бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, сурвалжлагч, редакторуудынх бусад албан тушаалтантай харьцуулахад илүү доогуур буюу дундаас доош байлаа. - Судалгаанд оролцогчдын дийлэнх нь (84%) дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагүй. Ямар нэгэн байдлаар дарамт шахалт, ялгаварлан гадуурхалтанд өртөж байсан хүмүүсийг нас, хүйсээр нь авч үзвэл эмэгтэйчүүд болон 30 хүртэлх насны залуучууд илүү их байв.
- Судалгаанд оролцсон хүмүүсийн 76 хувь нь мэргэжлийн дагуу сургалтад суух шаардлага хэрэгцээ илэрхийлсэн бөгөөд гадаад хэлний сургалт, мэргэжлийн ахисан шатны сургалтын хэрэгцээ өндөр буйг онцолж байна.
- Сургалтад хамрагдахад хамгийн их тулгардаг бэрхшээл нь (49%) санхүүгийн боломж хүрэхгүй байх явдал аж. Ялангуяа орон нутагт ажилладаг хүмүүсийн хувьд санхүүгийн боломж, ажлын хажуугаар
суралцах боломж муу, байгууллагаас дэмжлэг, зөвшөөрөл авч чадахгүй байх явдал илүү түгээмэл байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудаа сургалтад хамруулах сонирхолтой бөгөөд судалгаанд хамрагдагсдын 66 хувь нь “манай байгууллага сургалтад хамрагдахыг дэмждэг” гэжээ. - Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд ҮЭБ-ын талаар дийлэнх (78,5%) нь сонсож байсан бөгөөд ҮЭБ гэдэг ямар үүрэг хариуцлагатай байгууллага болох тухай мэдлэг харьцангуй сайн буюу судалгаанд оролцогчдын 63 хувь нь зөв тодорхойлжээ. ҮЭБ хэрхэн байгуулах талаарх мэдлэг нийт ажилчдын хувьд ерөнхийдөө муу байгаа ч байгуулах үйл явцад оролцох хүсэл гурван хүн тутмын нэгэнд байна. ҮЭБ байгуулагдвал хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын 54 хувь нь гишүүнээр элсэж орно гэжээ.
Судалгааны дэлгэрэнгүйг энд дарж хүлээн авна уу.