Монголын нийгмийн амьдралын мэдээ мэдээллийг үнэн бодитой, тэнцвэртэй түгээх үүрэг хүлээсэн МҮОНРТ-ийн уран бүтээлчид өнгөрсөн долоо хоногт Ерөнхий захирал Л.Нинжжамц тэргүүтэй удирдлагын багийнхаа эсрэг хөдөлгөөн өрнүүллээ. Олон нийтийн радио телевизийн удирдлага КОВИД-19 халдварын үеэр ажилчдынхаа цалинг бууруулсан хэрнээ өөрсдөө олон саяын цалин авч байсан, томоохон санхүүгийн зөрчил гаргасан. Олон нийтийн өмч болох телевизийн уран бүтээлчдийн мэдээ, нэвтрүүлэгт цензур тогтоож, өөрсдийн үзэл бодлоо тулгадаг гэх мэт хэд хэдэн үндэслэл бүхий мэдээллийг дэлгэж, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд шаардлага хүргүүлж, нийтийн анхаарлыг МҮОНТВ рүү татаад байна.
Мэдэгдэл гаргаж шаардлага хүргүүлж байгаа уран бүтээлчид нь МҮОНРТ-д олон жил ажилласан, монголчуудын хүндэтгэж явдаг нэвтрүүлэгч, сэтгүүлч, найруулагчид байгаа нь мэдээлэл үндэслэлтэй гэх ойлголтыг нийгэмд өгч эхэлжээ. Мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс МҮОНРТ-ийн одоогийн удирдлагууд тайлбар хийж, хэвлэлүүдэд ярилцлага өгч, цалин буурсан шалтгаан нь 2020 оны Улсын төсвийн тотголтголоор МҮОНРТ-ийн төсвөөс олгох мөнгө буурсан хэмээн мэдэгдэж, удирдлагын багийн нэмэгдэл цалин, мэдээ нэвтрүүлгийн бодлогыг хэрхэн тодорхойлдог тухай тайлбарлалаа.
Өнөөдөр 12 цаг өнгөрөөгөөд МҮОНРТ-ийн уран бүтээлчид Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ. Нөхцөл байдалтай холбогдуулан Н.Дэмбэрэлийг МҮОНРТ-ийн даргаар томилохоор ярьж байгаа сурагтай.
Тодруулбал, МҮОНРТ дотор үүссэн зөрчилтэй холбоотойгоор Ерөнхий захирал Л.Нинжжамцыг солих нь тодорхой болж байна гэсэн яриа улс төрийн хүрээнд өрнөж, орны томилгоо, дараагийн хүн нь хэн байх вэ гэсэн таамаглал яригдаад эхэлжээ. Энэ удаа Олон нийтийн радио телевизийн Ерөнхий захирлаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга, МАН-ын ЕНБД-ын зөвлөх, Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга зэрэг ажлыг хийж байсан Н.Дэмбэрэл томилогдох нь тодорхой болж байгаа сурагтай байна.
Н.Дэмбэрэл Баянхонгорын гаралтай. Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нарын зүгээс дэмжлэг авна, нөгөө талдаа МАН-ын дарга У.Хүрэлсүхтэйгээ ойлголцдог. Олон удаагийн сонгууль, улс төрийн онцлох шийдвэрүүдэд МАН-ын төв штабт ажиллаж, ухаалаг нүүдэл хийж чаддаг, гэсэн хэдий ч ямар нэгэн албан тушаалд дурлаж, хор найруулж гүйгээд байдаггүй, цаг үеээ мэдэрч чаддаг, уран бүтээлч сэтгэлгээтэй зэрэг нь энэ сонголтод нөлөө үзүүлж байгаа бололтой.