Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда “COVID-19”-өөр халдварласан боловч биеийн байдал нь сайн байгаа гэдгээ мэдэгдлээ.
Өдгөө 48 настай А.Дудагийн баасан гарагт өгсөн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тэрбээр хэзээ халдвар авсан нь тодорхойгүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй “COVID-19”-ийн халдвар авсан дэлхийн удирдагчдын жагсаалтад А.Дуда ийнхүү нэмэгджээ.
Польшт сүүлийн үед халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх болсон бөгөөд баасан гарагт халдварын 13600 тохиолдол шинээр илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
“Миний биед халдварын ямар ч шинж тэмдэг илрээгүй боловч шинжилгээний дүн бүх зүйлийг тодорхой болголоо. Одоогоор биеийн байдал маань сайн байна. Ирэх өдрүүдэд өөрийгөө тусгаарлан ажил үүргээ алсаас гүйцэтгэнэ” гэж А.Дуда “Twitter” хуудсандаа нийтэлсэн дүрс бичлэгийнхээ үеэр мэдэгджээ.
Эх сурвалж: BBC