Монголбанк, арилжааны банкнуудаас ипотекийн зээлийн санхүүжилтэд IX, X сард нийт 58 тэрбум төгрөг хуваарилжээ.
Банкууд дээрхээс есдүгээр сард 32.7 тэрбум төгрөгийн зээл олгосон нь найман хувьд зориулагдсан гэж Төв банк мэдээллээ. Харин энэ сараас ипотекийн зургаан хувийн зээлийг олгож эхэлжээ. Аравдугаар сарын 15-ны байдлаар банкнууд 2.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зарим банкнууд ипотекийн зургаан хувийн зээлийг хараахан олгож эхлээгүй байгаа аж.
Энэ оны III улирлын байдлаар нийслэлд шинэ орон сууцны дундаж үнэ 2.49 сая төгрөг хүрч, өмнөх улирлаас 2.48 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.8 хувиар өссөн талаар “Тэнхлэг зууч”-аас мэдээллээ.
Есдүгээр сарын байдлаар орон сууцны нийт 512 төсөл хэрэгжиж байна. Үүнд нийтийн орон сууцны 385, хаусны 127 төсөл багтаж байна. Үүнээс захиалга авч буй шинэ орон сууцны хувьд 41 мянга гаруй өрхийн 245 төсөл байгаа юм. Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл ологож эхэлснээр орон сууцны борлуулалтад эерэгээр нөлөөлнө гэж эдийн засагчид хэлж байна.