Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг 2019 оны арванхоёрдугаар сард стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулснаа зарласан билээ. Тус байгууллагаас манай улсыг өнгөрсөн жил “Саарал жагсаалт”-д оруулахдаа дөрвөн шалгуур үзүүлэлтийн хүрээнд заавал биелүүлэх зургаан үүрэг, даалгавар өгсөн юм. Хэрэв манай улс өгсөн тэр үүрэг, даалгаврыг бүрэн гүйцэд биелүүлсэн тохиолдолд “Саарал жагсаалт”-аас гарах боломжтой болсон.
Тэгвэл энэ сарын 21-23-ны хооронд ФАТФ-ын жилийн хурал болж, тус байгууллагын гишүүн 39 улсын төлөөлөгч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлаас үүдэн цахимаар хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гаргах, эсэхийг эцэслэн шийдвэрлэх байлаа. Тус байгууллагаас манай улсыг дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг хангалттай биелүүлсэн гэж дүгнээд “Саарал жагсаалт”-аас гаргаснаа Улаанбаатарын цагаар аравдугаар сарын 23-ны 22.14 цагт албан ёсоор зарлалаа.
Ташрамд дурдахад, Монгол Улсад энэ сарын 1-2-нд зохион байгуулагдсан газар дээрх хяналт, шалгалтаас хойших өдрүүдэд Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарах, эсэх нь ихээхэн хүлээлт үүсгээд байв.
“Саарал жагсаалт”-аас гарах, эсэхийг шийдвэрлэх хурал зохион байгуулагдахаас өмнөхөн буюу энэ сарын 22-нд БНХАУ-ын 800 иргэнийг зохион байгуулан Монголд нэвтрүүлж мөнгө угаах, залилан мэхэлж, гэмт бүлэглэл байгуулсан өмнөд хөршийн 15 иргэнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэн нэр бүхий 14 хүнд 9-12 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхээр шийдвэрлэх нь Монгол Улсын хувьд уг гэмт хэрэгтэй хийх тэмцэлд томоохон ахиц гаргана хэмээн ФАТФ-ын үнэлгээ хийх багийнхан үзэж, анхаарал хандуулж байсан бөгөөд манай улсыг “Саарал жагсаалт”-аас гарахад ихээхэн түлхэц болсон байна. Мөн Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн бизнес эрхлэх нэрээр Монгол Улсад ирээд Итали, Турк Улсын аж ахуйн нэгжүүдийг залилсан еврогоо арилжааны банкны дансаар дамжуулан авч, БНХАУ руу шилжүүлж мөнгө угааж байсан гэмт хэргийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагынхан шуурхай шалгаж, шүүхээр шийдвэрлүүлж, хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх эцэслэсэн нь ч энэ жагсаалтаас гарахад ихээхэн түлхэц болжээ.