Өмнөд Солонгост томуугийн вакцины дараа 17 хүн нас баржээ. Гэсэн хэдий ч вакцинжуулалтаа үргэлжлүүлж байна. Өмнөд Солонгост 17 хүн томуугийн вакцинд хамрагдсанаасаа хойш амьсгал хураасан гэх мэдээлэл дэлхий дахинаа дуулиан тариад байна.
Харин тус улсаас явуулж буй томуугийн вакцинжуулалтын хөтөлбөрийг зогсоохгүй гэж Үндэсний өвчний хяналт, урьдчилан сэргийлэх газрын дарга Чон Ун Гён пүрэв гарагт парламентын сонсголын үеэр мэдэгджээ. Шинжээчид вакцинжуулалт, нас баралтын хооронд шууд холбоотойг олж илрүүлээгүй гэнэ. Эмч нар одоо эдгээр хүмүүсийн нас баралтын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж Чон Ун Гён хэллээ.
Одоогийн байдлаар дор хаяж хоёр тохиолдол нь тарилгаас үүсэж болох харшлын ноцтой урвалтай холбоотой байж болзошгүй гэж тэрбээр мэдэгджээ. Өмнөд Солонгосын засаг захиргаа хүн амаа дархлаажуулалт аянаа үргэлжлүүлэх зорилготой байгаа аж.
Ингэхдээ өсвөр үеийнхэн болон ахмад настнуудыг оролцуулаад нийт 19 сая орчим хүнийг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Нас барсан хүмүүс 5 өөр компанид үйлдвэрлэсэн вакцинд хамрагдсан. 17 настай сурагчаас бусад нь хүнд хэлбэрийн архаг өвчтэй өндөр настнууд байсан гэж мэдээлжээ.
Өмнөд Солонгост саяхныг хүртэл томуугийн вакцины улмаас нас барсан цорын ганц тохиолдол бүртгэгдсэн юм. 2009 онд 65 настай эмэгтэй вакцин хийлгэснээсээ хойш Миллер-Фишерийн хамшинж хэмээх мэдрэлийн ховор төрлийн өвчинд нэрвэгдэж, жилийн нас барсан түүхтэй. Өмнөд Солонгосын Анагаах ухааны холбооноос томуугийн вакцинжуулалтыг 10 дугаар сарын 29-нийг хүртэл түр зогсоохыг өмнө нь зөвлөсөн юм.
www.tass.ru