Амьд болон амьд бус байгалийн бүхий л объектуудын нийлэмжийг байгалийн нөөц гэж нэрлэдэг. Эдгээр нь антропоген нөлөөнөөс үл хамааран үүсдэг боловч үйлдвэрлэлийн явцад ашиглагддаг. Эдгээр баялгийг хэд хэдэн ангилалд хуваадаг. Манай гарагт эдгээр баялгийн тархалт жигд бус тул бид хамгийн их байгалийн нөөцтэй орнуудыг жагсаахаар боллоо.
№10 Венесуэл
Өмнөд Америкийн энэ улсад байгаль эхээс бэлэглэсэн бүх баялаг 14,5 их наяд ам.доллараар үнэлэгдэнэ. Венесуэлийн газар дор нефтийн асар том орд бий бөгөөд чулуун нүүрс идэвхтэй олборлож, байгалийн хий экспортолдог.
Венесуэл улс нефтийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг ч ихэнх нь ордоо одоо ч ашигладаггүй байна. Хийн стратегийн нөөцийн хэмжээгээрээ улс төрийн газрын зураг дээр 8 дахь том гүрэнд тооцогддог. Төмрийн хүдэр, бокситын асар их нөөц ч илэрчээ. Мөн алмааз, төрөл бүрийн фосфоритын орд бий. Гоёмсог хүрхрээ бүхий Ориноко голын эргээр өтгөн шигүү ой хүртэл ургажээ. Эндхийн ашигт малтмалыг Колумбаас өмнөх үед олборлож эхэлсэн бол уул уурхайн идэвхтэй үйлдвэрлэл 1830 онд Венесуэл улс тусгаар тогтносноос хойш явагджээ.
№9 Ирак
Ойрх Дорнодын тус улсын байгалийн бүх нөөцийг тооцвол 15,9 их наяд ам.доллар болно. 1970-аад онд нефтийн хямралын дараа Иракийн эдийн засаг дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй эдийн засаг болсон юм. Гэвч цэргийн ажиллагаа эхэлснээр бүх зүйл өөрчлөгджээ.
Энэ улсын хөрсөн дор нефтийн асар том судал бий. Нефть л Иракийн гол баялаг боловч олонх цооног нь өдгөө хаагджээ. Стратегийн бас нэгэн чухал нөөц нь байгалийн хий. Энэ улс фосфоритын нөөц ихтэй улсын тоонд ордог ч хэд хэдэн шалтгаанаар боловсруулдаггүй байна.
Энэ улсын нутаг дэвсгэрээр Тигр, Евфрат гол дайран өнгөрдөг. Үүнийг Ойрх Дорнодын усны судал гэж нэрлэж болно. Нэгэн цагт газар тариалан эрхлэлтийн орон байсан юм.
№8 Австрали
Энэ улсын эдийн засгийн гол хөдөлгүүр нь уул уурхайн үйлдвэрлэл. Европоос анх нүүдэллэн ирэгсэд л баялгийг нь ямар их вэ хэмээн өндрөөр үнэлж байсан гэдэг. Харин одоо энэ улсын байгалийн баялаг 20 их наяд ам.доллараар үнэлэгдэж байна.
Нүүрсустөрөгчийн асар том ордуудтай. Ойн хэмжээгээрээ дэлхийд ТОП-10-т багтдаг. Ногоон тивийн гол баялаг нь алт. Хөрсөндөө дэлхийн нийт үнэт металлын нөөцийн 14,4%-ийг агуулдаг гээд бод доо. Австрали бол дэлхийн хамгийн том уран экспортлогчдын нэг. Уулархаг бүсээрээ төмрийн хүдэр, зэс, хүхэртэй. Далай орчмоороо хий ихтэй, үүнийгээ Индонезтэй хамтран боловсруулдаг.
№7 Бразил
Газар зүйн байршил нь эрдэс болон бусад нөөцийг импортлох боломжгүй болгожээ. Юуны түрүүнд Бразил бол цэвэр усны асар их нөөцтэй, дээр нь өргөн уудам ойтой. Ойгоороо дэлхийд тэргүүлдэг. Эрчим хүчний нөөцөө импортолдог бөгөөд нүүрсний орд багатай. Гэхдээ ураны хүдэр боловсруулж, экспортолдгоороо амжилтад хүрчээ. Хөрсөндөө алт, төмрийн хүдрийн асар их нөөцтэй. Саяхан Бразилын эргээс нефтийн орд илэрсэн ч нөөц нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Өдгөө тэнгисээс нефть боловсруулах экологийн төсөл ажил явагдаж байна.
№6 Иран
Иранд ХХ зууны хоёрдугаар хагаст эдийн засаг, түүнтэй хамт олборлох үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж ирсэн юм. Иран улс эдийн засгийн хөгжилдөө ашигладаг асар их нөөцтэй. Цөлийн хөрсөнд хийн асар том ордууд бий. Харин эдийн засгийн хөл хөдөлгөгч хүч нь нефтийн экспортоос олсон орлого. Саяхан эндээс нефть хийн шинэ орд илэрч, идэвхтэй олборлож эхэлсэн байна. Персийн булангийн бүсэд хийн томоохон ордуудынхаа нэгийг Катартай хуваадаг.
Ерөнхийдөө дэлхийн нийт байгалийн хийн нөөцийн 17% нь энэ улсын хөрсөн дор бий.
№5 Канад
Хойд Америкийн Канад улс хийн нөөц багатай ч нефтийн томоохон ордуудтай. Өргөн уудам нутаг дэвсгэрт нь өтгөн шигүү ой ургаж, хойд өргөргийнх нь дагуу ураны асар том орд байдаг. Ураны хэмжээгээрээ Канад дэлхийд хоёрдугаарт ордог. Уранаа АНУ болон Европын хэд хэдэн улсад экспортолдог байна.
Канадын байгалийн бүх нөөцийг тооцвол 34 их наяд ам.долларт хүрнэ. Төмрийн хүдэр, зэс, никель, алт, вольфрамыг идэвхтэй олборлодог.
№4 Саудын Араб
Энэ улсын гол баялаг бол нефть. Янз бүрийн тооцоогоор энэ улсын хөрсөн дор дэлхийн нийт нефтийн 20-23% нь оршдог гэнэ. Энэ бүх нөөцийг нь нийлүүлбэл 32,7 их наяд ам.доллар болно.
Саудын Араб үүнээс гадна байгалийн хийх олборлолт, экспортоороо дэлхийд тэргүүлдэг. Эрчим хүчний нөөцийн олборлолт, экспорт нь энэ улсын эдийн засгийн үндсэн хөдөлгүүр, хөгжин цэцэглэх үндэс нь болж байдаг.
Хөрсөн дороо төмрийн хүдэр, хар тугалга, зэс, алтны ордуудтай. Тус улсын нэг гол асуудал нь нүүрсний нөөц нь барагдаж байгаа явдал. Өдгөө Саудын Арабын нутаг дэвсгэр дээр нефть хийн 77 орд олборлолт явуулж байгаагаас олонх нь нөөц нь шавхагдаж байгаа гэжээ.
№3 АНУ
Манай дэлхийн хамгийн баян улсын нэг. Энэ улсын баялгийн ихэнхийг нөөц нь хангадаг. АНУ нүүрсустөрөгчийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Өргөн уудам нутагт нь чулуун нүүрсний орд их байх бөгөөд дэлхийн нийт ордын 33% нь энд төвлөрдөг гэлцэнэ. Мөн фосфорит, боксит, зэс, цайр ихтэй. Төмрийн хүдэр болон бусад металлаа идэвхтэй олборлодог. Тивийн хэсэг болон Аляскадаа алтны асар том ордуудтай.
Байгалийн хий, зэсийн хүдрийн нөөцөөрөө дэлхийн ТОП-5-д багтдаг байна. АНУ-ын бас нэгэн баялаг бол ой, гол горхи юм.
№2 Хятад
Хятадын хөрсөнд 30 гаруй төрлийн ашигт малтмал байдаг нь энэ улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг. Хятад улс эрчим хүчний асар их нөөц бололцоотой ч одоогоор олонх төсөл нь боловсруулалтын шатандаа явна.
Азийн энэ улс эдийн засгийн боломжоо амжилттай ашиглаж, дэлхийн эдийн засагт тэргүүлэгчдийн нэг болоод байна. Энэ улсын хөрсөн дор чулуун нүүрс, төмрийн хүдрийн асар их нөөц бий. Нефтийн бага хэмжээний ордтой ч сүүлийн үед занарын хийн томоохон ордууд нээгдээд байгаа юм.
№1 Орос
Байгалийн нөөцөөрөө тэргүүлэгч орон. Эдийн засгийн нөлөө бүхий агентлагуудын үнэлгээгээр 76 их наяд ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэнэ.
Эрчим хүчний нөөцийн хэмжээгээрээ энэ улс дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Модны хэмжээ нь л гэхэд 28,7 их наядаар үнэлэгддэг. Гэхдээ Орос модны аж ахуйгаа тийм ч хүртээмжтэй ашигладаггүй. Хөрсөн дороо Менделеевийн хүснэгтийн бараг бүх элементийг агуулдаг.
Эх сурвалж: thebiggest.ru