Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор туссан.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.
Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр Тэрээр, Нүхэн жорлонг сургууль, цэцэрлэг, дотуур байрны 150 мянга гаруй хүүхдийн эрх ашигт эерэг нөлөө үзүүлж, тэдний эрүүл мэндийг хамгаалсан, суралцах таатай орчин бүрдүүлсэн, үр дүнтэй ажил болно гэдгийг онцоллоо. Яамнаас ажлын хэсэг ажиллан 5 төрлийн технологийн шийдлийн судалгаа хийсэн бөгөөд өөрсдийн зүгээс шалтгаалах бүхий л арга хэмжээг шуурхай зохион байгуулна гэдгээ илэрхийллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн, хүүхэд багачуудынхаа сурч боловсрох үйл явцыг дэмжин тэдний эрүүл мэндийг хамгаалах сайхан үйлс бүтээх болсондоо баяртай байна. Инженерийн шийдлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна. Хамтран богино хугацаанд үр дүнтэй ажиллахыг хүсье гэлээ.
Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам