УИХ-ын чуулганы хуралдаан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн билээ.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баделхан: Зээлийн хүү хэт өндөр байгаа учраас гаднын банкуудыг оруулж ирэх асуудал яригдаад удаж байна. Ер нь гадны банкыг оруулах боломжтой юу?
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн “Зээлийн хүү өндөр байгаа нь ханш болон инфляц тогворгүй байгаатай холбоотой. Төгрөг ам.долларын эсрэг 4.4 хувиар суларсан. Жилийн сулралт ойролцоогоор 6 орчим, эдийн засгийн уналтын үед 12 хүртэл хувиар унаж байсан үзүүлэлттэй байсан. Энэ жилийн хувьд харьцангүй тогтвортой байгаа. Төв банкны бодлого гаднын хөрөнгө оруулалттай банкуудыг оруулахад татгалзах зүйлгүй. Ялангуяа төрийн өмчит бус гаднын банкуудыг орж ирэхэд татгалзахгүй.
Монгол Улсын банкны салбар, санхүүгийн салбарын 95 хувийг тус бүр банкны салбар эзэлж байгаа бөгөөд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс үзүүлж байгаа үйлчилгээний ихэнх хэсгийг банк, үйлчилгээ авч байгаа этгээдийн дийлэнх хэсгийг банкны харилцагч нар бүрдүүлж байгаа аж.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйлчилгээ авч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор дээрх хуулийг 1995 онд баталсан ба хууль хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаанд уг харилцаанд холбогдох бусад хууль тогтоомж шинэчлэгдсэн гэдгийг танилцуулгад дурдлаа.
Мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны ерөнхий нөхцөлийн агуулга, түүнд тавих доод шаардлагыг зохицуулагч байгууллагаас баталж, баталсан ерөнхий нөхцөлд нийцүүлэн банк, эрх бүхий хуулийн этгээдээс өөрийн үзүүлж байгаа мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд баримтлах ерөнхий нөхцөлийг батлах талаар төсөлд тусгажээ.
Мөн Банкны тухай хуульд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүнд тавигдах шалгуурыг тодорхойлж аливаа этгээд хоёр банкинд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглосон зохицуулалтыг тусгасан боловч банкны хувьцаа эзэмшигчийн эзэмшиж болох хувьцааны хэмжээ болон банк үүсгэн байгуулах хэлбэрт шаардлага тогтоогоогүй байна.
Банкны тухай хуульд банк нь зөвхөн хувьцаат компани хэлбэртэй байх тухай, аливаа этгээд банкны саналын эрхтэй хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглох тухай, банкны жижиг хувьцаа эзэмшигч, даатгагдсан хадгаламж эзэмшигчийн эрхийг нэхэмжлэлийн дараалалд өөрчлөлт оруулж хамгаалах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна” гэв.