Ипотекийн зээл зургаан хувь болж буурсан нь сайшаалтай ч эх үүсвэрийн хувьд тун дулимаг байна. Ирэх оны төсвийн төсөлд ипотекийн зээлийн санхүүжилтэд нэг ч төгрөг тусгаагүй. Монгол банкнаас энэ оны ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50, арилжааны банкууд 40 тэрбум төгрөг гаргаснаар зээл хэрэгжиж эхэлсэн гэж хэлж болно. Энэ нь дунджаар 100 сая төгрөгийн үнэтэй байрыг 900 хүнд олгох хэмжээний төсөв бөгөөд эрэлттэй нь харьцуулбал тун бага тоо. Энэ нь зөвхөн анх удаа зээл авч байгаа хүмүүст хамааралтай.
Харин найман хувийн зээлд хамрагдсан иргэд зээлээ зургаан хувь болгож хөрвүүлэх, өөрчлөх боломжгүй юм. Үүнд найман хувийн зээлтэй иргэд ихэд бухимдаж байгаа юм. Учир нь 100 сая төгрөгийн үнэтэй хоёр өрөө байрыг урьдчилгаа 30 хувиа төлөөд банкнаас 70 саяыг авсан иргэн 87 сард 50 гаруй сая төгрөгийг долоон жил зөвхөн хүүнд төлсөн байхад үндсэн зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй. Үлдсэн зээлээ 13 жилд дахин ийм маягаар төлөх болж байгаа нь асуудал дагуулж байна. Уг нь иргэнээ сонсдог төр байсан бол найман хувийн хүүтэй зээлдэгчдийг зургаан хувь руу шилжүүлэх боломж байсан. Өнөөдөр найман хувийн ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 300 тэрбум төгрөг төвлөрөөд байгаа.
Харин найман хувийн зээлд хамрагдсан иргэд зээлээ зургаан хувь болгож хөрвүүлэх, өөрчлөх боломжгүй
Энэ мөнгийг шинээр зургаан хувийн хүүтэй зээл авах иргэдийн эх үүсвэрт зориулна хэмээн салбарын сайд хэлж байсан. Өөрөөр хэлбэл, найман хувийн зээлтэй иргэдийг зургаан хувь руу шилжүүлэхэд 400 тэрбум төгрөг шаардлагатай. Төсөвт ийм мөнгө байхгүй гэсэн. Тэгвэл яагаад найман хувийн хүүтэй зээлдэгч нарын эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн мөнгийг шинээр зургаан хувийн хүүтэй зээл авах иргэдэд зориулах гэж. Харин ч найман хувийн хүүтэй зээлдэгч нараа зургаа руу шилжүүлж болох хувилбар байгааг эдийн засагчид хэлж байна.
Нөгөөтээгүүр, санхүүжилтийн эх үүсвэргүй шахуу зээлийг зургаан хувь болгосноо салбарын сайд сүүлийн өдрүүдэд нэг том гавьяа байгуулсан юм шигээр шинээр тэдэн хүн зээл авлаа гэх мэтээр сүр бадруулан мэдэгдэх нь ичмээр. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хойшлуулаагүй иргэдийн зээлийг гурван сараар хүүг нь хоёр нэгж хувиар бууруулна хэмээн мэдэгдээд байсан. Өнөөдөр амьдрал дээр хэрэгжсэн зүйл алга. Энэ мэт амьдралд нийцэхгүй шийдвэр иргэдэд хүндээр тусч байна. Уг нь найман хувийн хүүтэй зээлдэгч нараа гомдолгүй болгочихсон бол эрх баригчид оноо авах байв. Монгол банк бодлогын хүүгээ хоёр хувиар бууруулсан.
Зөрүүгээр найман хувийн хүүтэй зээлийг зургаан хувийн хүүтэй болгох нь онолын хувьд зөв ч хоёр хувийн алдагдлыг Засгийн газар үүрсэн шиг үүрч “Номад” бондынхоо хүүний зөрүү 20 сая ам.доллараар нөхөх боломж ч бий л байх. Монголбанк, Сангийн яам зургаан хувь болгох санхүүгийн схемээ тайлбарлахдаа шинээр ипотекийн зээлд хамрагдагсдыг нэмэгдүүлэх зорилго барьж буй гэх боловч санхүүжилтийн эх үүсвэр муу зээлд тийм ч олон хүн хамруулах боломж хомс. Харин найман хувийн хүүтэй зээлдэгч нарын эргэн төлөлтийн санд төвлөрсөн мөнгөөр нь зургаан хувьд шилжүүлж дуусгах хувилбарыг судалж үзэхэд гэмгүй. Зургаан хувийн хүүтэй зээлийн санхүүжилтын шинэ эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь МИК, Засгийн газрын үүрэг юм.
2013 онд 15 мянган иргэнийг найман хувийн хүүтэй зээлд шилжүүлжээ
Ипотекийн зээлийн хөтөлбөр батлагдсан 2013 оноос хойш 2015 онд зээлийн санхүүжилтэд нэг их наяд төгрөгийн санхүүжилт төсөвлөж 80-100 мянган иргэн хамрагдаж эргэн төлөлт сайн байсан билээ. Харин сүүлийн жилүүдэд энэ зээлд хамрагдах олон иргэний хүсэлт банкуудад дараастай байдаг ч жил бүр олгох санхүүжилт нь буурсаар энэ онд 60 тэрбум төгрөг төсөвлөж эргэн төлөлтөөс 360 орчим тэрбум төгрөг орж ирнэ хэмээн тооцоолсон. Харин ч “COVID-19”-тэй холбоотойгоор энэ тооцоо алдагдах магадлал байсан ч эргэн төлөлт 300 тэрбумд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, найман хувийн зээлтэй иргэдийг зургаан хувь руу шилжүүлэхэд 400 тэрбум төгрөг шаардлагатай.
Найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр нь санхүүгийн салбарт төр, хувийн хэвшилтэй хамтран амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрийн нэг яах аргагүй мөн. Өмнө нь энэ хөтөлбөр хэрэгжихээс өмнө банкны салбарт 2003-2013 оны хооронд нийт 34 мянган иргэн орон сууцны зээлийг 21 хувийн хүүтэй авсан байдаг. 2013 онд найман хувийн хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд дээрх иргэдээс 15 мянга нь зээлийг жилийн найман хувийн хүүтэй зээлд бууруулан дахин санхүүжүүлж байсан схем байна.
Үл хөдлөх хөрөнгийн үнэт цаасны гэрчилгээгээр бонд босгож моргэйжийн зээлээ дахин санхүүжүүлэх үүрэгтэй МИК өнгөрсөн жилүүдэд хэр ажилласан бэ гэдэг нь ч бүрхэг. Ипотекийн зээлийн эргэн төлөлт сайн учраас тогтолцоогоо сайн хөгжүүлж чадвал хөрөнгө оруулагчид энэ бондыг сонирхох нь тодорхой.
Эрэлттэй зүйлийг дагаж танил тал, арын хаалга нээгддэг
2018 онд эргэн төлөлтөөс 250 тэрбум, тухайн онд хийсэн санхүүжилт нь 340 тэрбум төгрөг байсан бол 2019 онд эргэн төлөлтөөс 300 тэрбум, санхүүжилтээр 200 орчим тэрбум нийтдээ 500 тэрбум төгрөгийн хүрээнд зээл олгосон нь оргил үе болох 2015 онтой харьцуулахад нэг дахин буураад байна. Өөрөөр хэлбэл оргил онуудад 12-20 мянган иргэн энэ зээлд хамрагдаж байсан бол өнгөрсөн онд 6400 мянга орчим иргэн энэ зээлийг авчээ.
Энэ он гарсаар 58.6 тэрбум төгрөгийн найман хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг 900 гаруй иргэнд олгосон. Засгийн газрын санхүүжилтийг арилжааны банкны нэг санхүүжилтэд оруулж багцалснаар зээлийн хүртээмжийг нэмэгдүүлсэн гэж байгаа ч энэ зээлд хамрагдах хүсэлтэй 10 мянган иргэний хэрэгцээг хангах хангалттай санхүүжилт биш. Засгийн газрыг толгойлогчид уг нь иргэний хүсэл, саналыг харгалзсан шийдвэр гаргана хэмээн амладаг ч хачир дээр ийм л болж байна. Цаашид эрэлттэй зүйлийг дагаж танил тал, арын хаалга нээгддэг.
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин