УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Тус хуулийн төсөлд хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Магадгүй надаас болоод надад зориулж ийм хууль батлах гэж байна гэж харж байна. Та нар цөөнхийг гаргах, хөөх, үгийг нь хэлүүлдэггүй болгох гэж байна. Юм эргэдэг гэдгийг сануулъя. Ардчилсан нам олонх болсон тохиолдолд энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Цөөнхийн үгийг илүү их хэлүүлдэг болно. Эрх баригчид таван минут үг хэлж байхад та нарыг зургаан минут үг хэлүүлдэг болгоно. Та нар цөөнхийнхөө үгийг хаах зуураа цаанаа ждү, концесс, тендер бүх зүйлийг хулгайлдаг. Л.Оюун-Эрдэнэ гэхэд хоёр тэрбумын хөшөөг 800 саяар барьчихаад 1.2 тэрбумыг нь хулгайлчихсан. Энэ хүмүүст яаж хариуцлага тооцох юм бэ” хэмээн хэллээ.