Эх сурвалж: IKON.MN
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 12 их, дээд сургуулийн тусгай зөвшөөрлийн цуцлах гэж байна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдаас Л.Цэдэвсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Манай яамнаас их, дээд сургуулийн сургалтын чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, багшийн чадвартай уялдуулсан хяналт шалгалтыг тасралтгүй явуулдаг. Энэ бол манай ээлжилт ажлын нэг хэсэг. Хэвлэл мэдээллээр гараад байгаа нэр бүхий 12 сургуулийн ээлжит шалгалтынхаа хүрээнд шалгаж байгаа юм.
12-ууланг нь хаах, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох асуудал байхгүй. Ажлын хэсгийн дүгнэлтээ эхнээсээ ирүүлээд байна. Эхний ээлжинд 5-6 сургуулийн дүгнэлт ирсэн байгаа. Энэ дүгнэлт эцэслэж дуусаад 12-уулаа ирэхээс албан ёсны шийдвэрээ гаргана.
Сургуулиудыг 4-5 чиглэлээр шалгадаг. Тухайлбал, элсэгчдийн тоо, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, багшийн чадвар, анх тусгай зөвшөөрөл авахдаа бүртгүүлж байсан мэргэжлүүдээр сургалт нь хэвийн явагдаж байгаа эсэх, анх зөвшөөрөл авахад нь ажиллаж байсан эрдэмтэд нь одоо байгаа юу үгүй юү гэдгийг шалгадаг.
Одоо ирсэн байгаа дүгнэлтүүдээс харахад таван сургуулийн тусгай зөвшөөрлийг хаах хэмжээний дүгнэлт гарчихсан байгаа нь үнэн. Тэнд элсэгч байхгүй, зарим ангид нь гурван оюутан байна. Цагийн багш олонтой. Анх ажиллаж байсан мундаг багш, эрдэмтэд нь тэнд байхгүй байна. Хаанаас ямар багш ирж хичээл заагаад байгаа нь ойлгомжгүй. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт хангалтгүй, сургалтын орчин шаардлага хангахгүй байна.
Мөн яамны зүгээс хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг шалгаж байгаа.
Дээр дурдсан 12 сургуулийн нэрийг хаанаас авсныг мэдэхгүй байна. Энэ дунд сайн сургууль ч байгаа. Учир нь сургуулиуд шинэ хөтөлбөрөөр сургалт явуулъя гэдэг хүсэлтээ яаманд гаргадаг. Зах зээлд хэрэгцээтэй байгаа шинэ мэргэжил, хөтөлбөрөөр сургалт явуулах зөвшөөрөл хүссэн 2-3 сургууль энэ дотор байгаа. Тэдгээр сургуулийг шинэ багш аваад, шинэ хөтөлбөрөөр сургалт явуулах боломж нь байна уу гэдгийг ажлын хэсэг давхар шалгаад явж байгаа.
Гэтэл нийт 12 сургуулийн тусгай зөвшөөрлийг автоматаар хүчингүй болгож байгаа мэт буруу ойлголт төрүүлээд байна. Ямартай ч эхний ээлжинд таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах нь зөв гэж үзсэн. Тэдгээр сургуулийн нэрийг зарлах боломжгүй” гэлээ.