УИХ-ын 2020 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт батлагдсан хууль, УИХ-ын тогтоолын танилцуулга инфографикийн хамт хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хамт 17 хууль, УИХ-ын 1 тогтоолыг УИХ-ын чуулганы 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Эдгээр хууль, тогтоолуудад дараах зарчмын шинжтэй зохицуулалтуудыг тусгасан.
1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээнүүд нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж болон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хүндрэл бий болгосон тул Улсын Их Хурал Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг баталж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 2020 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл, түрээсийн төлбөр бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох албан татварыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөх арга хэмжээг авсан.
Гэвч коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын иргэдийн эрүүл мэндэд учруулж болох эрсдэл, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө ирэх саруудад үргэлжлэх төлөвтэй байгаа тул жижиг, дунд бизнес эрхлэгчид, түрээслэгчдийг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор дээрх хуулийн үйлчлэх хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.
Хууль батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, түрээслэгчид орлогын албан татварын дэмжлэгийг үргэлжлүүлэн эдлэх нөхцөл бүрдэх юм.
2. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар:
Улсын Их Хурлаар 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудаар импортоор оруулж байгаа коронавируст халдвар /Ковид-19/-ын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, амны хаалтыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын иргэдийн эрүүл мэндэд учруулж болох эрсдэл буурахгүй, цаашид үргэлжлэхээр байгаа тул дээрх хуулиудын үйлчлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл сунгахаар зохицуулалтыг тусгасан.
3. Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай, Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар:
Дээрх хуулиуд батлагдсанаар ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Дархан-Уул аймагт барих арьс, шир, ноос, ноолуур боловсруулах цогцолборын дэд бүтцийн, үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах тоног төхөөрөмжийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх юм.
4. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасныг үндэслэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийг дагаж мөрдөх хугацааг түр хугацаагаар хойшлуулах шаардлага үүссэн байна.
Мөн ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн байрыг стандартын шаардлага хангуулах, зориулалтын тоног төхөөрөмжөөр бүрэн хангахад 37.3 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх төсөв 2020 оны улсын төсөвт тусгагдаагүй тул 662 ерөнхий сургуулийн сургуулийн 342.6 мянган суралцагчдад үдийн цайны үйлчилгээг үзүүлэх боломжгүй нөхцөл үүсэхээр байгаатай холбогдуулан дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтыг дагаж мөрдөх хугацааг хойшлуулах шаардлагатай болсон байна.
Иймд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.4.2, 11.1.1 дэх заалтуудыг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр зохицуулсан.
5. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар:
Дэлхий даяар тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас олон улсын санхүүгийн зах зээлд үүсээд байгаа тодорхойгүй байдал, Монгол Улсын төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд ирж байгаа дарамтыг нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 2025 он хүртэл Засгийн газрын гадаад өрийн дарамтыг харгалзан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн сангийн нэгдсэн дансыг удирдах, мөнгөн хөрөнгийн нэгдсэн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд төрийн санд хуримтлуулахаар Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Хууль батлагдсанаар Ирээдүйн өв сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу төрийн санд хуримтлуулж, санхүүгийн зах зээлд үүсэж буй эрсдэлээс хамгаалж, 2025 он хүртэл төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөцөд нэмэлт дарамт үзүүлэхээс сэргийлэх боломж бүрдэх юм.
6. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар:
Засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-т төрийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, түүнд инновацийг нэвтрүүлэх арга замын нэг нь цахим засаглалыг хөгжүүлэх үндсэн зорилгыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ зорилгын хүрээнд хуульд заасан тусгай зөвшөөрлийг хялбаршуулах, түргэн шуурхай болгох үүднээс тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээж авах, олгох ажлыг хэрэгжүүлэхэд тухайн баримт бичигт тавигдах техникийн шаардлага, баримт бичгийг хүлээн авах, түүнийг бүртгэх зэрэг харилцааг Засгийн газраас батлах журмаар зохицуулахаар тусгасан.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар:
Монгол Улсын Хөгжлийн банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж төлдөг бөгөөд энэ нь тус банкнаас олгож байгаа зээлийн онцлогоос хамаарч өндөр үнийн дүнтэй байдаг.
Хөгжлийн банк 2018 оны 01 дүгээр сараас эхлэн чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажиллагаа хийж эхэлсэн бөгөөд одоогоор хуримтлагдсан чанаргүй зээлийг шүүхийн журмаар эргэн төлүүлэхэд улсын тэмдэгтийн хураамжид 3.0 тэрбум орчим төгрөг төлөхөөр байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсанаар шүүхэд нэхэмжлэл гаргах ажил нэг шат ахиж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж бүрдэж байна.
8. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар:
Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд анхан шатлалын тусламж үйлчилгээнд олгох төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн эх үүсвэрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх өөрчлөлтийг тусгасан болно.
9.Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар:
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаарна”, “Монгол Улсын Ерөнхий сайд Жендэрийн үндэсний хороог тэргүүлж, түүний үйл ажиллагааг удирдлагаар хангана.” гэж заасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20.5 дахь хэсгийн 8-д Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд “жендэрийн хөгжлийн асуудал” гэж заасантай зөрчилдөж байсан.
Мөн ““Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2018 оны 02 дугаар тогтоолын 4.1-д Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг бие даасан бүтэцтэйгээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий сайдад чиглэл өгсний дагуу Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендэрийн хөгжлийн асуудлыг хамааруулахаар шийдвэрлэсэн.
10. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар:
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч болон даатгуулагчийн төлөх Нийгмийн даатгалын шимтгэлийг “тэглэсэн” арга хэмжээ 2020 оны 10 дугаар сарын 01-нээр дуусгавар болох тул уг арга хэмжээг 2020 оны 10-12 дугаар саруудад шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлэхээр “тэглэх” арга хэмжээнд хамрагдсан аж ахуйн нэгж, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч 5 хувь, даатгуулагч 5 хувь, сайн дураар даатгуулагчийг мөн 5 хувь байхаар зохицуулсан.
Хууль батлагдсанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед аж ахуйн нэгжийн санхүүгийн эрсдэл буурах бөгөөд энэ нь ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн зардлаа бууруулах, даатгуулагчийн хувьд ажлын байран дээрээ цалин орлоготой үлдэх, цалингаа бүрэн авах, сайн дурын даатгуулагч хувьд шимтгэлийн хөнгөлөлт эдлэх зэрэг эерэг үр дагавартай байх болно.
11. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар:
Дээрх хуулиуд батлагдсанаар иргэд өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас өвчин, эмгэгийн төрлөөс үл хамааран шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, чанартай, шуурхай авдаг болж, эрүүл мэндийн салбарт хуваарилах санхүүжилтийг нэг худалдан авагчийн зарчмаар буюу эрүүл мэндийн даатгалын байгууллага нэгдсэн байдлаар /улсын төсвийн санхүүжилтийн хамт/ санхүүжүүлдэг болж байна.
Мөн улсын төсвийн санхүүжилтийг өвчин, эмгэгийн нэр төрөл, тусламж, үйлчилгээний өртөг, тоо хэмжээг үндэслэн тооцож эрүүл мэндийн даатгалын санд жил бүр шилжүүлэхээр зохицуулсан. Ингэснээр иргэн эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй авах, бүх шатлалын эмнэлгийн эмчийн бичсэн жороор эмийн үнийн хөнгөлөлт авах боломж бүрдэнэ.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг үр дүнтэй болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалын байгууллагын зүгээс иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд тавих чанарын хяналтыг сайжруулах, эмнэлгийн үйлчилгээг олон улсын жишигт ойртуулах, мэдээллийг цахимжуулах, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагчдын ажлын гүйцэтгэл, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн өөрчлөлтүүдийг тусгасан болно.
12. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолоор:
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас 2013 онд хийсэн үнэлгээгээр Монгол Улсын эмийн зах зээл дээр байгаа 3 эм тутмын 1 нь хуурамч, эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин үнэтэй, чанаргүй байгааг тогтоосон бөгөөд энэ нь иргэд антибиотикийн замбараагүй хэрэглээтэй болж, эмэнд дасалтай болох, өвчин эдгэхгүй байх, иргэд санхүүгийн эрсдэлд нэрвэгдэх зэрэгт хүргэж байна.
Иймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулан “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”-тай байхыг хуульчлан, үүнтэй холбогдуулан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Монгол УИХ-ын 2020 оны 07 дугаар тогтоолын хавсралтад Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” гэж нэмж тусгасан.
Хууль хэрэгжсэнээр эм, эмнэлгийн хэрэгслийн нэгдсэн зохицуулалттай болж чанар аюулгүй байдал дээшлэх, эмийн үнэ болон хуурамч эмийн импорт буурч, эмчилгээ, үйлчилгээний чанарт нөлөөлөх зэрэг эерэг үр дагавартай.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс