УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 7 гишүүн санаачилж, өргөн мэдүүлсэн Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон шинэчлэн найруулсан Монгол УИХ-ын тухай хуульд нийцүүлэн 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шинэчлэн баталсан Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгээр 2020 оны ээлжит сонгуулиар бүрдсэн УИХ-ын Анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаа зохион байгуулсан.
Гэвч энэ явцад шинэчлэн найруулсан дэгийн тухай хуулийн зарим зохицуулалтыг тодруулах, нарийвчлах шаардлага тулгарсан учраас нэр бүхий гишүүд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
УИХ-ын чуулганы хуралдааныг үр нөлөөтэй явуулах, хуралдаан эхлэхэд бэлтгэл хангагдсан байх, зарим нэн яаралтай, шаардлагатай асуудалтай танилцах боломжийг гишүүдэд олгох үүднээс чуулганы нэгдсэн хуралдааны ирцэд бүртгүүлэх цагийг 9.00 цагаас эхлүүлж 10 цагаас нэгдсэн хуралдааныг эхлүүлэх, товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн хууль санаачлагч дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналаа тухайн ээлжит чуулган дуусахаас ажлын 10 хоногийн өмнө Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх, ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан УИХ-ын тогтоолд заасан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга сар бүр захирамжаар баталж, уг захирамжийг үндэслэн холбогдох Байнгын хороод цаглабар баталж, мөрдөхөөр тусгажээ.
Түүнчлэн хуралдааны дэг зөрчсөн гишүүн тухайн асуудлын хэлэлцүүлэг дуустал хуралдаан даргалагчийн шаардлагаар танхимыг орхин гарахыг хариуцлагын нэг төрөл болгох, үргэлжлүүлэн зөрчил гаргавал тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасах, хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь 3 хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгасан байна.
Үүний зэрэгцээ тусгайлсан дэгээр зохицуулж байгаа зарим тогтоолын төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийн дэг нь хуулийн төслийн анхны болон эцсийн хэлэлцүүлгийг явуулах дэгтэй адил байх, хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг илүү ажил хэрэгч, үр дүнтэй зохион байгуулах, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор Байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй болон хаалттай явуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Сүхбаатар, Ж.Ганбаатар нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Төсөл санаачлагчдыг төлөөлж УИХ-ын гишүү С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлахаар хуульчилсан. 2008 оноос хойш хуралдааны дэгийг хуулиар зохицуулдаг болсон.
Тиймээс дэг нь аль болох уян хатан байх шаардлагатай. Хуралдаанд бэлтгэх, хэлэлцэх асуудалтай танилцах шаардлага гардаг, энэ талаарх гишүүдийн саналыг харгалзаж үзсэний үндсэн дээр нэгдсэн хуралдааныг өглөө 10 цагаас эхлүүлж, орой 18 цагт дуусгах, хэрэв шаардлагатай гэж гишүдийн олонх үзвэл хуралдааны цагийг сунгаж хуралдуулахаар төсөлд тусгасан гэдгийг тодотгов.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Нямбаатар үг хэлж төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд хэлэлцүүлгийн явцад анхаарах зарим асуудлын талаар санал хэллээ. Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс