Одоогоос яг 60 жилийн өмнө, 1960 оны аравдугаар сард АНУ Кубыг хааж, Кастрогийн дэглэмийн эсрэг хатуу хоригийн дэглэм тогтоосон юм. Энэ бол дэлхийн түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн хориг бөгөөд Эрх чөлөөний арлын эдийн засаг, хүн амд хүчтэй цохилт болсон юм. Ялангуяа ЗХУ задарснаас хойш хувьсгалт Кубад ахан дүүсийн тусламж үгүй болжээ. Өнөөдөр тус улсын үндэсний аж үйлдвэр нь унаж, энэ улс эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж гээд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийхээ хомсдолд оржээ. Гэвч энэ хориг америкчуудад ч хэдэн тэрбумын алдагдал авчирсан гэдэг. Учир нь тэд энэхүү өсөн хөгжих зах зээлд бизнесээ хөгжүүлж чадахгүй болсон юм. Дээр нь Вашингтон гол өрсөлдөгч болох Хятад нь Кубыг яаж эзэлж байгааг харахад давхар гомдолтой санагддаг биз ээ. Дэлхийн түүхэн дэх эдийн засгийн хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн хориг хэрхэн эхэлсэн хийгээд Кубын хувьсгалын удирдагч таалал төгссөний дараа ч энэ хориг яагаад зогсохгүй байгааг “Лента”-д ийнхүү бичжээ.
Тив ба арал
Нэгэн цагт Испанид колоничлогдож явсан, Карибын тэнгисийн Диваажингийн арал эртнээс нааш америкчуудын сонирхлыг татаж иржээ. 1820 онд АНУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон Кубыг “мужийн системд сонирхолтой нэмэгдэхүүн болно доо” гэж шүүрс алдсан гэдэг. Зууны дунд үед АНУ энэ арлыг Испаниас худалдан авах гэж оролдсон боловч гэрээ амжилтгүй болсон аж.
Мэдээж Куба өөрөө ч колони байдлаар оршин тогтнохыг яаж хүсэх вэ. Тиймээс л эрх чөлөөнд тэмүүлдэг байдлаараа хойд хөршөөсөө тусгаар тогтножээ. Тусгаар тогтнолын төлөөх дайнаар үгүйрч хоосроход Америкийн хөрөнгө оруулагчид үүнийг нь баяртайгаар ашиглаж, Кубын газар нутгийг үнэгүй шахам худалдан авч эхэлжээ. XIX зууны сүүлч гэхэд Кубаас экспортлогдох бүх бараа бүтээгдэхүүний 4/5 нь АНУ-ыг чиглэж байлаа.
1898 онд энэ улсад эрх чөлөөний төлөөх ээлжит тэмцэл дэгдэж, америкчууд хутгалдан орохгүй байж чадаагүй юм. Энэ удаад зөвхөн мөнгөний ашиг сонирхол төдийгөөс гадна энэ арал дээр ажиллаж амьдарч байсан АНУ-ын олон иргэдийн амь нас аюулд өртсөнөөс болсон гэдэг. Америк ингэж хутгалдан орсон нь ч Испанитай хийсэн дайн шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Куба улс тусгаар тогтнолоо олж авчээ. Гэвч үүнийг тусгаар тогтнол гэж хэлэхэд ч төвөгтэй, бараг л Испанийн хяналтаас дэлхийн ноёрхолд тэмүүлсэн хөршийнхөө хяналтад шилжсэнтэй ялгаагүй зүйл болсон.
Энэ цагаас хойш АНУ жил жилээр байр сууриа бэхжүүлсээр байлаа. 1926 он гэхэд тэд Кубын элсэн чихрийн аж үйлдвэрийн 60 хувийг эзэмшиж, бүтээгдэхүүний 95 хувийг импортолж байлаа. Хагас колоничлолд шилжсэн энэ улсыг “Америкийн элсэн чихрийн сав” ч гэж нэрлэж байв.
Мужууд дараа дараагийн нутгийн Засгийн газрыг дэмжиж, төрийн эргэлт гарах тоолонд ялагчдын талд бүх зүйл үилжиж байлаа. Вашингтоны хувьд Фульхенсио Батиста хамгийн үнэнч, ойр хүн нь байж ирсэн юм. Түүний удирдлага дор Куба улс чинээлэг америкчуудын хувьд аялж ирдэг баянбүрд нь болон хувирсан гэдэг. АНУ-ын мафийн сүлжээнийхэн ч Хаванагийн олон тооны казино, олон нийтийн орднуудыг хянаж, тэр хэрээр авлига гаарч байлаа.
Энэ бүгдээс болоод тус улсын эдийн засгийн тал нь, голлох секторууд нь бүхэлдээ Америкийн оролцооноос хамааралтай болжээ. ХХ зуунд ийм нөхцөлд хэд хэдэн удаа социалист бослого гарсны нэг нь Кубад болсон юм.
Цусан улаан зам
50-иад оны сүүлчээр хувьсгалчид Эрнесто Че Гевара, Фидель Кастро гэсэн алдартай нэртнүүдтэйгээ хамт Батистагийн дэглэмийн эсрэг тэмцэж эхэлсэн юм. 1958 онд хувьсгалчдын тэмцэл хамгийн идэвхтэй үедээ хүрч, АНУ хүнд байдалд орсон. Олон улсын хэлэлцээрийн дагуу тэд зэвсэг нийлүүлж чадахгүй байдлыг босогчид ашиглаж, дараа жил нь гэхэд Батиста нутгаасаа зугтаж гараад, Фидель Кастро Кубын тэргүүн болсон юм.
Шинэ засаг тэдний нөхөд биш гэдгийг америкчууд дорхноо ойлгосон юм. Большевикуудад талтай гэдгээ ил цагаанаар илэрхийлж, тэдний шинэчлэлийг дагасан шинэ засгийнхан эхний жилдээ хувиараа газар эзэмшдэг байдлыг зогсоож, Америкийн үйлдвэрүүдэд нөхөн төлбөр төлөлгүйгээр шууд улсынхаа мэдэлд шилжүүлж эхэлсэн байна. Америк ч үүний хариуд элсэн чихрийг нь худалдан авахаа зогсоож, Кубад түлш нийлүүлэхээ больжээ.
Үүний араас олон хориг үйлчилж эхэлсэн юм. АНУ-аас арлын шинэ засаг захиргаатай хамтран ажилласан ямар ч улсад тусламж үзүүлэхгүй гээд, Кубад дайны зориулалтаар ашиглах бараа бүтээгдэхүүн нийлүүлэхийг хоригложээ. Ингээд социалист Засгийн газар шинэ түншийн эрэлд гарч, ЗХУ-ыг түшиглэж эхэлсэн байна.
ЗХУ үзэл суртал нэгтэн болсон Кубаас элсэн чихэр худалдан авахыг зөвшөөрч, нефтиэ зарахаар болжээ. Мэдээж хил залгаа шахам улс нь ийм нөхөртэй болсныг АНУ тэвчихгүй нь ойлгомжтой. Ингээд 1960 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр Куб руу гаргах бараа бүтээгдэхүүний экспортод бүрэн хориг тогтоож, тус улсад зөвхөн хүнс, эм л нийлүүлэхийг зөвшөөрчээ.
Довтолгоон амжилтгүй болсон нь
Мэдээж эдийн засгийн дарамт шахалтаас гадна хүчний арга хэрэглэж үзсэн байна. Хувьсгал ялсны дараагаас Тагнуулын төв газраас нь дайсагнагч дэглэмээс яаж салах тухай бодож эхэлжээ. Ингээд хүн ам нь тоталитаризмд дургүйцдэг, Кастрог түлхэн унагахад бэлэн болгох арга хэрэглэж эхэлжээ. Ингэх ч шалтгаан байсан юм. Учир нь тухайн үед Кубын нутаг дэвсгэр дээр шинэ удирдагчаа эсэргүүцдэг партизаны бүлгүүд хүртэл байгуулагдсан бөгөөд АНУ-д байсан цагаачид боломж гарвал арал дээрээ очиж, өс хонзонгоо авахаар зэхэж байсан юм. Мэдээж шалтгаан нь олон ч Вашингтон тэдэнд дайран орох төлөвлөгөө гаргахад саад болсонгүй.
1961 оны эхээр Америкийн арми Куба руу 1500 куба иргэнтэй десант буулгаж, томоохон хотуудад Кастрог эсэргүүцэгчид нэгэн цэрэг хорлон сүйтгэх ажиллагаа явуулна гэж төлөвлөж байжээ. Гэвч Кубын хувьсгалт засаг тэднээс өрссөн юм. Тэд партизаны удирдагчдыг баривчилж, онгоцыг буудал дээрээс нь шууд саатуулж, десантын отрядыг Плайя-Хирон эрэг дээр бут ниргэж, дайчдынх нь олонхыг олзолж, Америкийн 12 онгоцыг бөмбөгдсөн байна. Харин АНУ энэ асуудалд бүрэн хүчээрээ оролцоогүй юм. Тэд ийм ажиллагаанд оролцсон гэдгээ ч нууж чадаагүй байна. Дэлхий нийт хоромхон хугацааны дотор юу болсныг мэдэж, Ерөнхийлөгч Кеннедий ТТГ-ынхаа үйл ажиллагаанд урам хугараад хоцорсон гэдэг.
Куба улс Америкийн олзлогсод буюу “гусанос” (Америкийг дэмжигчдийг “өт” гэж нэрлэдэг байлаа)-ыг оны сүүлчээр 53 сая долларын үнэтэй хүнс, эмээр сольсон байна.
Таагүй нөхөрлөл
Америкийн тал хоригоо улам чангатгаж, Кубын материал ашигласан ямар ч бараа бүтээгдэхүүнийг импортлохоос татгалзаж эхэлсэн байна. 1962 оны эхээр АНУ Кубыг Америкийн орнуудын байгууллагаас хасуулж чаджээ. Гэхдээ АНУ арал руу дайрч, журмаа бүдүүлгээр зөрчсөн гэдэг асуудлыг огт авч хэлэлцээгүй байна.
Энэ хугацаанд Куба улс ЗХУ-тай үй зайгүй ойртон нөхөрлөж, энэ улс руу Зөвлөлтийн цэргийн мэргэжилтнүүд ирдэг болж, ах дүү Фидель, Рауль Кастро нар Москвад айлчилж, Никита Хрущевтэй уулзаж, техник, зэвсгээр дэмжих асуудлаар тохиролцоо хийж чаджээ. Фидель Кастрогийн ийм бодлогыг ТТГ-аас нэг бус удаа зогсоох гэж оролдоод, бүтэлгүйтэж байсныг дурдах хэрэгтэй юм.
Удалгүй энэ нөхөрлөл дэлхий ертөнцийг цөмийн дайны хэмжээнд аваачив. Туркт цөмийн цэнэгт хошуу нь Москва руу хүрэх чадвартай Америкийн пуужингууд бий болсноос хойш ЗСБНХУ хариу алхам хийж, Кубад Зөвлөлтийн пуужингийн хэсгээ байршуулжээ.
Кастрогийн хувьд ЗСБНХУ-ын удирдагчдыг алгуурлан, тайван шийдэлд хүрэхийг оролдолгүйгээр түрүүлж, Америкийн нутаг дэвсгэрт цохилт хийхийг, өөрөөр хэлбэл атомын дайн өдөөхийг уриалж байлаа. Харин Хрущев Кеннедитэй тохиролцоонд хүрч, АНУ Куба руу халдахгүй гэсэн баталгаа өгөөд зогсохгүй Турк, Италиас пуужингаа авахаар болсон байна. Харин үүний төлөө Зөвлөлтийн пуужингуудыг Кубаас гаргахаар болжээ.
Энэ явдлаас болоод Куба-Зөвлөлтийн харилцаа хүйтэрч эхэлсэн байна. Гэсэн хэдий ч тэд соц лагерь унах хүртэл нөхөрсөг хэвээрээ үлдсэн юм. Кубын армийн мянга мянган дайчид 1975 онд Анголд болсон олон улсын интервенцид оролцож, барууныг дэмжсэн фракцийн эсрэг тэмцэлд нутгийн коммунистуудыг дэмжиж байлаа.
Хоригийн үйлчлэл
АНУ-аас Кубад тавьсан хориг үнэхээр арлын эдийн засагт хор хохирол учруулсан юм. ЗСБНХУ задарсны дараа Куба улс худалдааны харилцаа холбооныхоо 85 хувийг алдаж, хориг гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь мэдэрч эхэлсэн байна. Хэдийгээр энэ улс Венесуэл болон Латин Америкийн хэд хэдэн оронтой таатай харилцаатай ч гуравдагч ертөнц хэвээр хоцорчээ.
Куба улсын 1960-2010 онд АНУ-ын хоригоос болж учирсан хохирол 104 тэрбум доллар гэж үздэг. Америкийн эдийн засаг ч мөн энэ аралд тавьсан хоригоосоо болоод жил бүр 1,2 тэрбум долларын экспортын алдагдалд ордог.
Кубуудын хувьд зөвхөн мөнгө төдий зүйл биш юм. 2010 оны судалгаагаар хориг тус улсын эрүүл мэндийн системд шууд нөлөөлж, сүрьеэгийн дэгдэлтээс эхлээд томоохон тахлууд гарахад нөлөөлжээ. Эмч нар өвчтөнүүддээ протез болон эмнэлгийн бусад тоног төхөөрөмж худалдан авах мөнгөгүйгээс байнгын хүнд байдалд ордог.
Энэ 60 жилийн хугацаанд хоригийн дэглэмийг хэд хэдэн удаа улам чангатгаж байсан юм. 1992 онд л гэхэд Ерөнхийлөгчийн зарлигаас АНУ-ын албан ёсны норматив акт бичиг болон хувирч, удалгүй Кубыг олон улсын терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтад оруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч, Ардчилсан намын Билл Клинтон 1997 онд хоригийг бага зэрэг сулруулсан боловч 5 жилийн дараа Жорж Буш өмнөхөөс нь ч илүү чангатгаж, АНУ-ын жуулчдыг Кубад очихыг хориглож, хоёр улсын хооронд мөнгө шилжүүлэхийг улам төвөгтэй болгожээ.
Эвлэрэх оролдлого
Кубын засаг захиргаа энэ явдлыг хэдийнэ геноцид гэж нэрлэжээ. Дэлхий дахин ч бараг бүхэлдээ зөөлөн хувилбараар нь энэ томъёоллыг дэмждэг байна. 2019 онд НҮБ-ын гишүүн 193 орны 187 нь АНУ-ыг хоригоосоо татгалзах ёстой гэсэн уриалгатай тогтоолд гарын үсэг зурж нэгдсэн бөгөөд энэ асуудлаарх санал хураалт 28 удаа явагджээ. Харин Америкийн талаас Кубыг хүний эрхийг зөрчдөг гэж үзсэн хэвээр байна.
2014 оны мэдээллээр америкчуудын 56 хувь нь Кубатай харилцаагаа хэвийн болгохыг дэмжсэн гэсэн судалгаа гарчээ.
Түүнчлэн Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Барак Обама коммунист хөрштэйгөө эвлэрэхийг оролдсон Америкийн анхны төрийн тэргүүн болсон юм. Үүнд ахынхаа оронд засгийн эрхэнд гарч ирсэн Рауль Кастро ч нөлөөлсөн. 2013-2014 онд хоёр улсын төрийн тэргүүнүүд Ромын пап Францискийн оролцоотойгоор нууц хэлэлцээр явуулсан гэдэг. Үр дүнд нь Обама 1928 оноос хойш арал дээр очсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон аж.
Кубын Засгийн газар улаан алан хядагчдад туслахаа больсон, бусад орнууд цэнэгт хошуугаа байрлуулахаа больсон зэргийг тооцон үзээд, АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч хоригийн зарим хэсгийг цуцалж, Куба улсыг терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас хасаж, аяллын хорийг сулруулж, мөнгө шилжүүлэх боломжтой болгосон байна. Вашингтонд Кубын ЭСЯ дахин байгуулагдаж, Хаванад ч мөн АНУ-ын ЭСЯ бий болжээ.
Гэвч Обама засгийн эрхнээс бууж, үндсэрхэг үзэлтэн Дональд Трамп гарч ирмэгцээ Кубын хязгаарлалтыг дахин бий болгож эхэлжээ.
Эх сурвалж: Lenta.ru
Орчуулагч: Марта
1 comment
mundag ard tymen shyy….ynen devcheertei, odooch haaj havchij baigaa heveeree shdee muuhai uls amerik