Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд өнөөдөр сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ.
Мөн цэцэрлэгт ирсэн хүүхдүүдийг зөвхөн эцэг, эхчүүдэд хүлээлгэж өгөх, иргэдийг хол явахгүй байх, малчдад сэрэмжлүүлэг тараахаар болжээ. Тус аймгийн хэмжээнд салхины хүч эрс нэмэгдэж, цаг агаарын аюултай үзэгдэл болж болзошгүй байгаа тул дээрх шийдвэрийг гаргасан байна.
Мөн Өвөрхангай аймгийн Онцгой комисс өнөөдөр өглөөнөөс эхлэн Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргаад байна.
Цаг уур орчны шинжилгээний газар өчигдрөөс /2020.10.19/ эхлэн цаг агаар эрс хүйтэрч, аюултай үзэгдэл болж болзошгүйг сэрэмжлүүлж эхэлсэн. Цаг агаарын мэдээллээр өнгөрсөн шөнө Архангай, Өвөрхангайн нутаг, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, өдөртөө Төв аймаг, Хэнтийн өмнөд, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурахаар байгаа. Мөн Баянхонгорын нутаг, Өмнөговийн баруун хэсгээр, маргааш өдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүсэхийг анхааруулсан билээ.
Иймээс аян замд яваа иргэд анхаарал сэрэмжтэй зорчихыг анхааруулж байна.