УИХ өнгөрсөн наймдугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг энэ ондоо багтаан байгуулж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилд нь оруулах аж.

Тус агентлаг нь нэгдсэн журмаар олон улсын тендер зарлаж, Монгол Улсад хэрэглэх чанартай эмийг нэг үнээр авч, бүх эмийн сангаараа дамжуулан нэг үнээр зарах тогтолцоог бий болгох юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулснаар юу өөрчлөгдөх талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарын байр суурийг хүргэе.

Т.Мөнхсайхан: Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулснаар эмийн үнэ хэдэн дахин буурна

Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулснаар орон тоо нэмэгдэнэ. Гэхдээ эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвөөс хэмнэх зардал нь нэмэгдэж байгаа орон тоонд гаргах зардлаас хэд дахин их. Манай улс цөөн хүн амтай ч эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес маш их тоогоор хэмжигддэг.

Агентлаг байгуулснаар эм, эмнэлгийн хэрэгслийг одоо авч байгаа үнээс нь хэд дахин хямд өртгөөр авах боломжтой болно. Шинээр байгуулагдах агентлагийн нэг чиг үүрэг нь энэ. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавина.

Одоо бол Эрүүл мэндийн яаманд дөрөв, тавхан хүнтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс гэж бий. Энэ хэлтэс улсын хэмжээнд орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн хөөрөгдөлд хяналт тавьж дийлэхгүй байгаа. Тиймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзэж хууль эрх зүйн орчныг нь батлуулсан. Одоо аентлагаа байгуулах бэлтгэл ажил хийж байна.

Удахгүй Засгийн газрын хуралдаанаар агентлагийнхаа бүтэц, орон тооны хязгаарыг батлуулна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эм, эмнэлгийн хэрэгслийн салбар стратегийн худалдан авагчийн тогтолцоо руу шилжинэ. Энэ бүхний бэлтгэл ажил 80 хувьтай явж байна.

Ч.Хүрэлбаатар: Манайд худалдаалагдаж байгаа эмийн үнэ ДЭМБ-ын жишиг үнээс 5-6 дахин өндөр байгаа

-Эм, эмнэлгийн хэрэгсэл тойрсон асуудал нь өнөөдрийг хүртэл эмзэг сэдэв байсаар ирсэн. “Импортоор орж ирсэн эмийн үнийг дунджаар 68 хувиар нэмдэг. Манайд худалдаалагдаж байгаа эмийн үнийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын жишиг үнэтэй харьцуулахад 5-6 дахин өндөр” гэсэн судалгааны дүн бий.

Тиймээс эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол зэрлэг капитализмаараа явсаар л байх болно. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар манай улсад импортоор орж ирж байгаа гурван эмийн нэг нь хуурамч байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр эм, эмнэлгийн хэрэгслийг хариуцлага агентлаг байгуулж ажиллуулахгүй л бол олон хүний эрүүл мэнд, санхүүгийн асуудал хүндрэхээр байгаа.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн