Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.Батжинтай ярилцлаа.
/Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн Ахлах эдийн засагч Н.Батжин/
-Дэлхийн хуримтлалын өдрийг хэдний өдөр тэмдэглэдэг вэ? Энэ жилийн онцлог юу вэ?
-Дэлхийн хуримтлалын өдрийг анх 1924 оны 10-р сарын 31-ний өдөр тэмдэглэж байсан. Өмнө нь энэ өдрийг манай банкууд харилцагчдынхаа хүрээнд л тэмдэглэдэг байсныг 2017 оноос Монгол Улс даяар тэмдэглэдэг болсон. Энэ онд Монголбанк, Монголын Банкны Холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн Даатгалын Корпорацитай хамтран аян хэлбэрээр 10 сарын 1-ээс 31-ны өдрүүдэд тэмдэглэж байна. Аяныг арилжааны бүх банкуудтай хамтран “Хуримтлуулах хялбархан” уриатай зохион байгуулж байна.
Бид хуримтлалын өдрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд хадгаламжийн ач холбогдлыг ойлгуулах зорилготойгоор жил бүр нэг бүсийг нэмж байгаа. Энэ жилийн тухайд зүүн бүсэд буюу Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод нэгдсэн арга хэмжээг 10-р сарын 27-ны өдөр зохион байгуулах гэж байна. Мөн хүүхэд, залуучуудад чиглэсэн гар зураг, Тик Ток видео зэрэг бүтээлийн уралдаануудыг зохион байгуулна. Хуримтлалын өдрийн бэлэг тэмдэг болох тэмээг таниулах ажлын хүрээнд “Ботгохон”-ыг бүтээсэн. Эрэгтэй эмэгтэй ботгонд нэр өгөх уралдааныг мөн зарлаад байгаа. Мэдээж Ковид-19 цар тахлын үед болж байгаа учраас Улсын онцгой комиссын заавар зөвлөмжийг мөрдлөг болгоно.
-Хуримтлал үүсгэх дадал зуршлыг яаж бий болгох вэ. Хүмүүс орлого бага учраас хуримтлал үүсгэх боломжгүй байна гэж ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр орлого бага ч гэсэн хуримтлал үүсгэх боломжтой шүү дээ?
-Энэ бол хүмүүсийн дундах нийтлэг буруу ойлголт л доо. Хуримтлал, цаашлаад хөрөнгө оруулалт хийхэд заавал их хэмжээний мөнгө шаардлагатай мэт ойлгох нь иргэдийн дунд түгээмэл. Ийм шалтгаанаар хуримтлал бий болгохгүй байгаа хүн ч олон. Гэтэл зорилготой хүний хөрөнгө оруулалт, хадгаламж багаас ч хамаагүй эхэлдэг. Тиймээс ч бид энэ удаагийн аянаа “Хуримтлуулах хялбархан” гэсэн уриатай зохион байгуулж байгаа юм.
Иргэд мөнгө хуримтлуулахыг маш хүндээр, томоор хүлээж авдаг. Хуримтлал мянган төгрөгөөс л эхэлнэ. Үүнийг маш сайн ойлгоод сар болгон орлогынхоо тодорхой хэсгийг хуримтлуул. Жишээлбэл, цалингийн данснаасаа автоматаар хуримтлалын данс руугаа татдаг болгочихвол үүндээ тухайн хүн дасан зохицчихдог. Гэтэл эхлээд зардлаа гаргачихаад дараа нь хуримтлуулах гээд байдаг. Угтаа бол хүн хүсэл хэрэгцээгээ дагаад олсон орлогоо бүгдийг нь үрэх гээд байдаг зуршилтай. Тэгэхээр орлого орж ирэх мөчид мөнгөө шууд хуримтлалын дансандаа хийгээд үлдсэн мөнгөн дээрээ зарлагын зохицуулалт хийх нь зүйтэй. Хүмүүс энэ аргыг эсрэгээр нь хэрэгжүүлээд байхаар орлого нь өсөхийн хэрээр түүндээ тааруулаад хэрэглээ нь ихэсч таараад байдаг.
-Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлсэн. Зээлийн хүүг бууруулахын тулд заавал хадгаламжийн хүүг бууруулах ёстой гэсэн зүйл яригдаад байгаа?
-Монголбанкнаас “Зээлийн хүүг бууруулах стратеги”-ийг 2018 онд баталсан ба стратегийн хэрэгжилт болон эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд сайжирсны үр дүнд зээлийн хүү 4 жилийн хугацаанд 4 хувиар буураад байгаа. Энэ стратегийг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр 2020 оны 8-р сард УИХ-ын тогтоол гарч, батлагдсан. Зээлийн хүүний 60 орчим хувийг эх үүсвэр буюу хадгаламжийн хүүний зардал бүрдүүлж байгаа. Хадгаламжийн хүү зээлийн хүүний дийлэнхийг бүрдүүлж байгаа ч, шууд захиргаадалтаар хадгаламжийн хүүг тогтоох, огцом бууруулах нь ихээхэн эрсдэлтэй. Хадгаламжийн хүү бол эдийн засгийн суурь, инфляц болон бусад үзүүлэлтүүдээ дагаад тогтдог. Жишээлбэл, иргэд хадгаламжинд мөнгө байршуулахдаа инфляцыг хардаг шүү дээ. Мөнгийг гэрт хадгалахаар, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ алддаг. Харин банкинд хадгалах юм бол тодорхой хэмжээний өгөөж хүртэнэ. Тэр өгөөж нь инфляцыг давахуйц хэмжээнд өөрчлөгдөж байдаг. Мөн эрсдэл ч бага.
Тийм ч учраас хадгаламжийн хүү нь инфляц, ханш, бодлогын хүү гэх мэт эдийн засгийн суурь үзүүлэлтээс хамаарна. Улмаар хадгаламжийн хүү нь зээлийн хүүний суурь болж байгаа учраас аль алийг нь огцом бус, тогтвортойгоор буулгахын тулд “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д заасан ажлуудыг хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах ёстой.
-Тэгэхээр хадгаламжийн хүү буурсан тохиолдолд хуримтлал үүсгэж байгаа иргэд цөөрөх үү?
-Иргэд хадгаламжид мөнгөө байршуулахдаа маш олон хүчин зүйлийг анхаардаг. Хадгаламжийн хүү бол тэдгээрийн зөвхөн нэг нь. Тэр олон хүчин зүйлүүдэд банкны үйлчилгээ, хадгаламжийн бүтээгдэхүүний төрөл, нөхцөл, тогтвортой байдал зэрэг багтдаг. Жишээ нь, хадгаламжийн бүтээгдэхүүн гэхэд урт, богино хугацаатай, хугацаагүй гээд олон янзын бүтээгдэхүүнүүд бий.
Зах зээлийн зарчим буюу инфляц, бусад үзүүлэлтүүд буурсны нөлөөгөөр хадгаламжийн хүү буурч байгаа тохиолдолд ийм эрсдэл гарахгүй. Энэ зарчмаар 2016 оноос шинээр байршуулсан нийт хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 12.5%-аас 10.4% болоод буучихсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хадгаламжийн хүү 0.6 хувь буурсан бол хэмжээ 2.2 их наядаар өссөн үзүүлэлттэй байна. Тэгэхээр хадгаламжийн хүү эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч буурвал хуримтлал үүсгэж байгаа иргэдийн тоо буурна гэсэн зүйл байхгүй. Үүн дээр мөн иргэдийн санхүүгийн боловсрол, идэвх сайжирч байгаа нь эерэгээр нөлөөлж байгаа.
-Иргэдийн хадгаламжийн хэмжээ хэр их байгаа вэ? Мөн хадгаламжийн хүү хугацаанаасаа хамаараад ямар байгаа вэ?
– Нийт хадгаламжийн хэмжээ 16.0 их наяд төгрөг байгаагаас 85.4 хувь буюу 13.7 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж байна. Монголчуудын хуримтлалын дийлэнх нь хугацаатай хадгаламж байгаа. Тэр дундаа жилийн хугацаатай хадгаламжийг их ашигладаг. Жилийн хугацаатай хадгаламж дунджаар 10.4 хувийн хүүтэй байгаа. Хугацаагүй хадгаламж нь 4.9 орчим хувийн хүүтэй. 2019 оны эцсийн байдлаар давхардсан тоогоор нийт 3.2 сая хадгаламжийн данс байна. Яахав, иргэд гэнэтийн шаардлага тохиолдоно гээд хугацаагүй хадгаламжийг сонгох нь бий. Харин урт хугацааны зорилготой бол хугацаатай хадгаламжийг сонгодог. Гэхдээ хүүнээс илүү зорилго чухал. Хүү бол хадгаламж байршуулж байгаа олон хүчин зүйлсийн зөвхөн нэг нь.
-Нэг талаас зээл эзэмшигчдээс хүүг бууруулах шаардлага ирж байгаа. Нөгөө талаас хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөж байна. Үүн дээр яаж ажиллах ёстой вэ?
-2018 онд Төв банкны тухай хуульд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалах гэсэн заалт шинээр орсон. Зээл болон хадгаламж эзэмшигч хоёр адилхан л санхүүгийн зуучлалд чухал үүрэг гүйцэтгэж байгаа этгээдүүд. Тэгэхлээр зах зээлийн бус аргаар, аль нэгэнд нь давуу байдал олгож, нөгөөг хохироож болохгүй. Өнөөгийн байдлаар манай нийт хадгаламжийн хэмжээ өсч байгаа ч цаашид иргэд санхүүгийн боловсролтой болох, санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой ашиглах шаардлага оршсоор байна. Хадгаламжийн хэмжээнээс хамаарч зохицуулалт тавих ч юм уу арга хэмжээ авах нь дөнгөж өсч байгаа хадгаламжийг үргээх, улмаар зээл олгох эх үүсвэрийг бууруулах аюултай.
-Дэлхийн улс орнуудаас Герман, Япон зэрэг улс орнууд хуримтлалаараа тэргүүлдэг. Тэгвэл тэргүүлж байгаа орнуудын хүн амынх нь хэдэн хувь нь хуримтлалтай байдаг вэ?
-Дэлхийд хөгжиж байгаа орнууд буюу бидний ярьдаг баруун Европын орнуудад нийт иргэдийнх нь 98-аас дээш хувь нь хуримтлалтай гэсэн судалгаа байдаг. Таны хэлж байгаа Герман улсын хувьд анхны хадгаламжийн банк нь 1778 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хуримтлуулах соёлыг маш гүнзгий хэвшүүлсэн. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийт өрхийн орлогынх нь 8 хувь нь тогтмол банкны хадгаламж болж шилжсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, айл болгон орлогоосоо тодорхой хэсгийг заавал хуримтлуулдаг, хүүхдүүд нь мөнгөний гахайндаа их бага гэхгүй мөнгө хийж өөрийн хүссэн зүйлээ худалдаж авдаг. Монголд хадгаламжийн хүүг чухалчилдаг бол Герман, Япон зэрэг орнуудад хадгаламжийн хүү нь инфляц, бодлогын хүүнээсээ хамаараад маш бага, зарим тохиолдолд хасах байдаг. Энэ нь банкинд мөнгө хадгалуулсныхаа төлөө хүү авах биш төлбөр төлж байгаа хэрэг. Гэтэл хасах хүүтэй байхад иргэд нь зарцуулахгүй, хуримтлуулсаар байна гэдэг энэ соёл хэр гүн нэвтэрснийг илэрхийлэх болов уу. Мөн банкны хадгаламж нь тэр улсад өгөөж хүртэх бүтээгдэхүүн биш мөнгөө найдвартай, аюулгүй хадгалах агуулгаар ашиглагддаг гэсэн үг.
Монгол Улсын хувьд арилжааны банкууд 1991 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ цагаас Монгол Улсад хуримтлалтай иргэн гэсэн ойлголт бий болсон. Өнөөгийн байдлаар манай хадгаламжийн түвшин ДНБ-ий 43 хувьтай тэнцүү байна.
Ярилцсанд баярлалаа!
Эх сурвалж: Монголбанк