ШӨХТГ-аас өнөөдөр “Ebarimt” аппликэйшн ашиглан импортоор орж ирсэн автомашины гаалийн мэдээлэл, түүхийг харах боломжтой болсон талаар Гааль, татвар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, ШӨХТГ-аас мэдээлэл хийлээ.
2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш гаалиар орж ирсэн автомашины гаалийн мэдээллийн түүхийг ибаримт аппликэйшн болон гэрээг киоск ашиглан хэрэглэгч бүр харах боломжтой боллоо. Ингэснээр иргэд худалдан авах гэж буй машинаа аль улсаас орж ирсэн, осолд орж байсан эсэх түүхийг тухайн машины арлын дугаарыг Ebarimt-д оруулснаар мэдээллийг харах боломжтой боллоо.
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Хилээр орж байгаа машиныг хэдэн километр зам туулсан, ямар гэмтэлтэй, хил дээр хэдний хэдэн цагт бүртгэгдсэн зэрэг мэдээллийг гар утаснаасаа харах боломжтой. Уг асуудалд Сангийн яамны харьяа Гааль татвар, санхүү мэдээллийн төв голлон ажиллаж ШӨХТГ-ын Хэрэглэгчийн мэдээллийн төвд ирсэн гомдлыг үндэслэж, Авто тээврийн үндэсний төвтэй хамтарсны үр дүнд ийнхүү ажил хэрэг боллоо.
Түүнчлэн импортоор орж ирж байгаа автомашины 4 талын бодит зураг, одометрийн заалт гэсэн чухал мэдээллийг ч иргэд нээлттэй хянах юм. Ингэснээр сэлбэг нэрээр орж ирээд угсрагдах, осолд орсон мөртлөө засварлагдан шинэ гэж зарагдах нөхцөлийг хааж, авто машин хэрэглэгчдийн эдийн засаг, цаг хугацааг хэмнэсэн ажил боллоо” гэлээ.
Л.Баяр