Манай улс энэ жил хоёр удаагийн хангалтаар 509,500 хүн тун вакциныг хүлээн авсан. Энэхүү вакцин нь ДЭМБ-аас 2020-2021 оны томуугийн улиралд зөвлөмж болгосон, батламжийг нь авсан А хүрээний H1N1, А хүрээний H3N2, Б хүрээний нэг омгийг агуулсан 3 цэнт вакцин юм. Вакцины 10 ХОНОГИЙН аян энэ сарын 1-нээс 10 ны өдрүүдэд зохиогдсон. Энэ хугацаанд томуугийн эсрэг вакциныг аймгийн төвийн 2-5 насны хүүхэд, нийслэлд 6 сартайгаас 9 насны хүүхдүүдийг харьяа дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын болон түр цэгүүд дээр хийсэн.
Харин 65 буюу түүнээс дээш насныхан, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, амьсгалын замын болон бусад архаг суурь өвчтэй иргэд харьяа эрүүл мэндийн төвийнхөө дархлаажуулалтын нэгжид вакцинд хамрагдаж байгаа. Иргэн та өөрийн хүсэлтээр сайн дурын дархлаажуулалтад хамрагдаж, томуугийн вакцин хийлгэх боломжтой.
Ажлын өдрүүдэд ХӨСҮТ-д Даваа-Баасан гарагт 08:30-16:00 цагт томуугийн вакцин хийж байгаа бол вакциныг 15000 төгрөгөөр хийж байна.
Томуугийн эсрэг вакцинд бага насны хүүхдээ хамруулахад анхаарах зүйлс:
-Сүүлийн нэг сарын хугацаанд товлолын болон томуугийн вакцинд хамрагдаагүй байх, хэрэв хамрагдсан бол хойшлуулах ёстой
-Бусад насныханд эсрэг заалт байхгүй
-6 сартайгаас 2 насны хүүхдүүдийг 2 тунгаар, 3-аас дээш насныхныг 1 удаагийн тунгаар дархлаажуулж байгаа.
Л.Баяр