Мэдээллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын “хоёрдугаар давалгаа” гарч, хурдацтай тархаж байгааг анхааруулж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Мөн дэлхийн 53 улс дотоодын хөдөлгөөнд, 70 улс олон нийтийн үйлчилгээний газар, цуглаан, сургуулийн үйл ажиллагаанд тус тус хязгаарлалт тогтоож, 109 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох замаар халдвараас урьдчилан сэргийлэх, голомтыг устгах, тархалтыг хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Сүүлийн үед КОВИД-19 халдварын шинж тэмдэггүй хүн халдвар тараах тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд уг вирус нь хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварлаж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлэхээр заасан.
Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын санаачилгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “КОВИД-19 халдвараас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөө” боловсруулах үүрэг бүхий олон улсын болон дотоодын зөвлөхүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Тус ажлын хэсгээс нийгэм, эдийн засгийн салбарыг сэргээх чиглэлээр санал боловсруулж байгаа бөгөөд тэдгээрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөнд тусгахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба