ГССҮТ-ын насанд хүрэгчдийн гэмтлийн гуравдугаар тасгийн үений мэс заслын их эмч Д. Энхтүвшинтэй энэ удаад ярилцлаа. Тэрээр 2006 онд АШУИХС-ыг төгсөж Гэмтлийн мэс заслын чиглэлийг сонгон суралцсан бөгөөд одоогоор ГССҮТ үений мэс засалч эмчээр ажиллаж байна. Бидний ажлын үр дүн маш хурдан өвчтөн болон ар гэрийнхэнд нь мэдрэгддэг, хөлгүй нь хөлтэй болж гэмтсэн нэгэн нь эдгээд гардаг сайхан мэргэжил. Гэмтэж бэртсэн иргэдийг аль болох түргэн хугацаанд хэвийн амьдралд эргэж оруулах нь бидний ажлын зорилго шүү дээ гэснээр бидий яриа эхэллээ.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.
-Сайн сайн байна уу. Уншигчиддаа мөн энэ өдрийн мэнд хүргэе.
-ГССҮТ-д үений мэс заслын ямар шинэ технологиуд нэвтэрсэн байна вэ?
-Өмнө нь бид зөвхөн өвдөгний үений л мэс заслуудыг хийдэг байсан бол өнөөдөр мөрний дурангийн мэс заслыг хийдэг болсон. Өвдөгний үений хувьд ард, урд чагтан холбоос бэхлэх, гиалон мөгөөрс нөхөх, хиймэл үе суулгах гэх мэт мэс заслуудаас гадна 3D принтерээр яс хэвлэж эмчилгээний тактик боловсруулахад ашиглаж байна.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоон сард, дэлхий нийтийн судалгаагаар маш үр дүнтэй байгаа өөрөөс нь үений гадаргуу буюу гиалон мөгөөрсийг авч гэмтэлтэй хэсэгт нөхөх мэс заслыг амжилттай хийлээ.
Бид Герман улсын “Arthrex” брэндийн гэмтэл согогийн мэс заслын тоног төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Ер нь бид цаашдаа дурангийн мэс заслын төрлүүдээ олшруулахаар зорьж байгаа бөгөөд энэ төрлийн мэс засал нь хөнөөл багатай мэс засал ба жижиг хэмжээний зүслэгээр хийгдэж шарх эдгэрэх, шархний халдвар авах эрсдлийг бууруулж, хөдөлмөрийн чадвар хурдан сэргэдэг, мэс заслын дараах өвдөлт бага байдаг давуу талуудтай.
-Өөрөөс нь үений гадаргуу буюу гиалон мөгөөрсийг авч гэмтэлтэй хэсэгт нөхөх мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-2019 онд манай дурангийн мэс заслын С.Сүхбат болон миний бие Герман улсад мэргэжил дээшлүүлэхдээ өөрөөс нь эрүүл мөгөөрсөн эдийг авч гэмтэлтэй хэсэгт нөхөх аргыг сурсан бөгөөд хүний анатомийн онцлогоос шалтгаалан өвдөгний элэгдэлд ордоггүй үений гадаргуу буюу гиалон мөгөөрс хэсгээс 8мм диамер хүртэл, 1.5см гүнтэйгээр донор ясыг багажны тусламжтайгаар авч гэмтэлтэй хэсэгт ижил хэмжээтэй цоорол үүсгэн эрүүл эдийг нөхөх мэс заслыг амжилттай хийлээ.
Өнөөдрийн байдлаар таван өвчтөнд уг мэс заслыг амжилттай хийсэн бөгөөд эмчлүүлэгчид маань зовиур маш багатай байна. Зургаан сарын дараагаар давтан MRI шинжилгээнд орж мэс заслын үр дүнгээ хянуулах ёстой. Энэ мэс заслыг хийх боломжийг бүрдүүлж, багаж тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн эмнэлгийнхээ удирдлагуудад энэ дашрамд талархал илэрхийлье. Өмнө нь бид дурангийн мэс заслын аргаар ясанд microfracture буюу бичил хугарал үүсгээд цаашаа цоолоод орхидог байсан. Бичил хугарал үүсгэсэн мэс засал нь заримдаа амжилттай болдог боловч зарим тохиолдолд үр дүнгүй болдог байсан.
-ГССҮТ 3D принтерийг ашиглаад багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн хэр байна вэ?
-Миний бие Тайвань улсад 2018 онд мэргэжил дээшлүүлж суралцсан бөгөөд энэ үед Тайвань улсын эмч нар 3D принтерийг мэс засалдаа ашиглаж байсныг сонирхож байсан. Мөн манай улсад ашиглаж болохыг анзаарч, 3D хэвлэлтэнд ашиглагдах маш үнэтэй програм хангамжийг бэлгэнд авснаар манай улсад 3D принтер нэвтрэх суурь нь тавигдсан. Нэгэнт бид програмтай болсон тул эмнэлгийн нөөц хөрөнгөөр багаж, хэвлэгч машинтай болж, ШУТИС-ийн эрдэмтэд, инженерүүдтэйгээ хамтран бодит хэмжээсээр пластик материалаар яс хэвлэж чадсан.
Өмнө нь бид хүндрэлтэй мэс заслыг хийхэд маш их хугацаа алддаг байсан, мэс заслын үед хугарлаа эвлүүлэн анатомийн зөв байрлалд оруулах, шаардагдах ялтас, шургаа хэмжиж тааруулахад маш их хугацааг зарцуулдаг байсан. Харин 3D принтер ашигласнаар өмнөх өдөр нь хиймэл ясан дээрээ хугарлыг эвлүүлэн ялтас болон холбогч шургуудаа бүгдийг хэмжиж тааруулж бэлдээд мэс заслын үед өвчтөнийхөө ясыг гаргаад л бэлтгэсэн ялтсаа байрлуулан бэлтгэсэн шургаараа бэхэлдэг болсон. Ингэснээр мэс заслын хугацааг богиносч, явцын хүрдрэлээс сэргийлэх боломжтой болсон. Энэ бол энэ технологийн дөнгөж эхлэл нь юм.
Үүнээс гадна 3D принтер нь оюутан болон залуу резидент эмч нарт сургалт, дадлагын маш том боломжийг олгодог. Эмч нар маань бодит хугарал, цууралт дээр ажиллаад үзчихэж байна гэдэг нь өвтөнд энэ төрлийн мэс заслыг өөртөө итгэлтэйгээр хийх боломжийг бий болгож байгаа юм. Ер нь мэс заслын эмчид өөртөө итгэх итгэл маш чухал байдаг.
Энэ технологийн ирээдүй нь ясны дутмагшил болон ясны хавдрын үед хавдартай хэсгийг тайрч аваад тухайн хэсэгт таарах бэлдцийг, хүний эрүүл хөл, гарнаас нь хэмжээ аван ижил хэмжээтэйгээр хэвлэж, тайрсан хэсэгт нөхөх боломжуудыг судлаж байна. Энэ бүхний эхлэл манай эмнэлэгт тавигдсан ба ирээдүйд бид нар уг технологийг нэвтрүүлнэ гэсэн бүрэн итгэлтэй байгаа.
Иргэд өвдөгний гэмтэл авчихаад тоохгүй явах нь эрсдэл дагуулж байна
-Өвдөгний үений гэмтэл нилээд тархмал гэмтлийн нэг шүү дээ. Тэгвэл иргэд маань тоохгүй яваад байх нь бий.
-Тиймээ, маш элбэг байдаг. Иргэд ихэнх тохиолдолд өвдөгний үеэр гэмтэл авчихаад тоохгүй яваад байдаг нь энэ төрлийн гэмтэл хүндэрч улмаар мэс заслын эмчилгээ хийхээс өөр аргагүй нөхцөл байдлыг бий болгодог. Өвдөгний үе гэмтэхэд эхэндээ маш ихээр хавддаг. Хавдар нь буураад өвчин нь намдчихаар зүв зүгээр болчихлоо гэж эндүүрч өвдөгний үений гэмтлийг эргэшгүй өөрчлөлтөд ороход хүргэдэг. Өвдөлт зовиур багассанаар жийрэг мөгөөрс болон холбоос эдийн гэмтлийг анзаарахгүй, тоохгүй явсаар өвдөгний үе эргэшгүй гэмтэлд орж хүндэрдэг. Тухайн үед явж болж байна ачаалал аваад болоод байна гэж бодож явснаар үе хооронд сул хөдөлгөөн үүсч, дээрээс нь урагдсан гиалон мөгөөрс нь улам гэмтэж байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэрэв өвдөгний үеэрээ ямарваа нэгэн гэмтэл авах л юм бол заавал нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч, тохирсон эмчилгээг хийлгэх шаардлагатай. Ингэснээр ирээдүйд үүсэх тулгуур эрхтний хүндрэл, мэс засал хийлгэх эрсдэлээс сэргийлж чадна.
Зарим тохиолдолд өвдөгний урд чагтан холбоос гэмтсэн хэдий ч олон жил бараг зовуургүй, эсвэл бүр зовиур маш багатай байх тохиолдол байдаг. Энэ нь хэзээ нэгэн цагт сэдэрдэг бөгөөд тухайн өвдөлт нь зүйрлэж хэлбэл шүд өвдөж байгаа юм шиг байнга, 24 цаг янгинаж хүчтэй өвдөлт өгдөг бөгөөд энэ үед өвчин хүндэрч мэс заслын эмчилгээ хийлгэх, эсвэл бүр эмчилгээгүй шатандаа хүрсэн байдаг.
-Спортоор хичээллэгчид өвдөгний гэмтэл авах нь их байдаг уу?
-Спортынхны булчин, шөрмөс нь сайн хөгжсөн байдаг тул энэ төрлийн гэмтлийг анзаарахгүй байх тохиолдлууд байдаг. Залуу хүмүүст өвдөгний үений гэмтэл үүсээд гэмтлээ мэдэхгүй хүндрүүлж байна гэдэг нь маш харамсалтай.
-Өвдөг гэмтсэн гэдгийг илтгэх шинж тэмдэг нь юу вэ?
-Өвдөг хавддаг, хаван хавдар буугаад хөдөлгөөнд орох үед шатаар буухад өвдгөөр хөндүүрлэх, спортынхон тэсрэлттэй хөдөлгөөн хийж чадахгүй байх, мултарч байгаа юм шиг мэдрэмж төрдөг, зүгээр явж байгаад сөхөрч унах гэх мэт шинжүүд илэрдэг. Ингэж удаан явснаар бусад холбоос шөрмөснүүдээ гэмтээх эрсдэлтэй.
Хэрэв таны хөлийн өвдгөөр хавдах, явах, зогсох, гүйх зэрэгт бага ч гэсэн зовиур, хөндүүр илэрвэл заавал нарын мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулаарай. Иргэд эсрэгээрээ бариачаар явдаг, физик эмчилгээ шарлага хийлгэдэг. Эдгээр нь түрхэн зуур үрэвслийг л дарж, зовиурыг багасгаж байгаа бөгөөд гол шалтгааныг нь эдгээгээд байгаа зүйл биш юм шүү.
Үүнээс гадна өвдөгний үений гадаргуу буюу гиалон мөгөөрс маш олон шалтгааны улмаас гэмтдэг. Ирмэгтэй зүйл хүчтэй мөргөх, шалаа мөлхөж угааж байгаад гэмтээх, иогоор хичээллэх, завилж суух, мөргөл үйлдэж байгаад, спортоор хичээллэж байгаад унаж гэмтээх, автобусанд явж байгаад огцом зогсолт хийхэд өвдгөөрөө урд суудлаа цохих, унах гэх мэт олон шалтгаанаас үүсдэг.
Өвдөг нь хүний биений хамгийн том үе, мөн хөдөлгөж байгаа хамгийн чухал хэсэг гэдгийг тэр бүр ухаарахгүй орхичхоод байдаг. Үе ажилгаагүй болбол та босож, сууж, явж, гүйж чадахгүй шүү дээ. Тиймээс өвдөгнийхөө үеийг маш сайн хайрлаж хамгаалж байх шаардлагатай.
-Өвдөгний дурангийн мэс засал хийлгэсний дараа ямар гам, дэглэм баримталдаг вэ?
-Хөдөлгөөн заслын эмч нарын хяналтанд ордог бөгөөд эмчийн зааврын дагуу хөлийг зөв хөдөлгөх, хөдөлгөөнтэй байлгах гэх дэглэмийг баримтална. Мөн зарим иргэд чагтан холбоос нь тасарсан гээд хэт бөөцийлөөд хөдөлгөөнгүй байлгах гээд байдаг. Энэ нь эдгэрэлтэд муугаар нөлөөлдөг.
-Дурангийн мэс засал хийлгэсэн иргэд хэд хоног эмнэлэгт хэвтэх шаардлагатай вэ?
-Гадны оронд өглөө нь хэвтээд өдөр нь мэс заслаа хийгээд орой нь гэрт нь гаргадаг. Манайд өвчтөн маань 3-4 хоног л хэвтэн эмчлүүлдэг болсон. Өмнө нь нээлттэй мэс заслын үед 7-10 хонож тэр хэмжээгээрээ зардал чирэгдэл ихтэй байсан.
Д.ЭНХТҮВШИН: Үений гадаргуу буюу гиалон мөгөөрс нөхөх мэс заслыг амжилттай хийж байна
-Хүмүүс үүн дээр буруу ойлголттой байдаг.
Өвдөгний яс шинээр ургадаггүй.
Өвдөгний гиалон мөгөөрс бүтцийн өөрчлөлтөнд орж үхжилт үүсэж, хэлбэр дүрс нь алдагдаж үйл ажиллагаанд орж байх үед өөрчлөлтөнд ордгийг манай иргэд яс ургалт гэж нэрлээд байгаа юм. Тэгэхдээ энэ өөрчлөлт нь рентген болон MRI-ын дүрсэнд яс ургасан юм шиг харагддаг.
Мөн иргэдийн дунд шингэн нь их байвал үе хоорондын үйл ажиллагаанд сайн байдаг. Харин шингэн нь бага байвал өвддөг гэж боддог. Гэвч өвдгөнд үрэвсэл үүсэхэд өвдөгний үений шингэн ихэсдэг. Ингэснээр өвдөгний үе маш хурцаар өвддөг. Гэхдээ хамгийн чухал нь яагаад тухайн шингэн ихэсч эсвэл багасаж байна вэ гэдгийг оношлуулах шаардлагатай.
-Баярлалаа