Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нэр дэвшигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх мэдээлэл цахим орчноор гараад байгаа билээ. Тэгвэл тус суманд иргэн Б өчигдөр архидан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож ухрах үйлдэл хийхдээ тус сумын ИТХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байсан М-ийг дайрч, амь насыг хохироосон хэрэг гарчээ.
Тодруулбал аравдугаар сарын 14-ний өдрийн 15:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт иргэнийг автомашинаар мөргөж амь насыг нь хохироолоо гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн аж. Мэдээллийн дагуу сумын цагдаагийн хэлтэс газар дээр нь шалгалт хийхэд тус сумын харьяат иргэн Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ иргэн М-ийг мөргөж, амь насыг хохироосон байна. Хэрэг үйлдсэн Б нь амь хохирогчийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан, найз нөхдийн харьцаатай хүмүүс байжээ.