Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр улс даяар хийгдэж байгаа томуугийн вакцинжуулалтын талаар мэдээлэл хийлээ.
/ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү/
“Улирлын томуугийн цаг ирлээ. Хүйтний эрч нэмэгдэж байгаа үед тайвширсан иргэд маск зүүх, гарын ариун цэврийг сайн сахих, орчны ариун цэврийг сайн сахих, олон нийт цугласан газраар шаардлагагүй бол яахгүй байх гэх дэглэмүүдийг биелүүлэх хэрэгтэй байна.
Арван сарын 1-нээс улирлын томуугийн вакциныг хийж эхлээд одоо 63.7 хувьтай вакцинжуулалт хийгдсэн. Монгол улсад нийт 509. 500 хүн тун вакцин хийнэ. Өмнөх жилүүдээс гурав дахин илүү тооны вакцин оруулж ирж хийж байна.Энэхүү вакцин гурван цэнт бөгөөд А хүрээний хоёр, В хүрээний нэг вирусийн эсрэг хамгаалах чадвартай Солонгос, Бразил улсад үйлдвэрлэгдсэн ДЭМБ батламжтай вакцин юм. Одоогийн байдлаар 317.000 гаруй нь хийгдсэн.
Вакцины талаар зарим иргэд цахим орчинд муу гэх мэдээлэл хийж үймүүлж байна. Энэ бол улс оронд маш хор уршигтай. Вакцин өөрөө тодорхой үнэтэй. Улс даяар хийгдэж байгаа вакцинжуулалтыг маш өндөр зохион байгуулалт ажил явагдаж байна. Улс орон, үр хүүхэд, ахмад настнуудаа хамгаалахын тулд ЭМЯ, төр засаг албан ёсоор ажиллаж байгаа. Мэдээж ард иргэдийнхээ эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл хийгүй. Гэтэл зарим иргэд санаатайгаар вакцин хийснээс хойш хүүхэд суулгалт, бөөлжих шинж тэмдэг илэрч байна. Вакцин хийлгэсний дараа хүүхдүүд эмнэлэгт хэвтэж байна гэх мэт буруу ташаа мэдээллийг дураараа гаргаж байна. Вакцин бол түргэн хийгдэх ёстой. Хийгдсэний дараа 14- 24 хоногийн дараа дархлаа тогтдог. Энэ хугацаанд угтуулж хийж байгаа нь учиртай. Цаг хугацаа хоорондоо уялдаа холбоотой байдаг. Үүнд саад болж үймүүлж байгаа нь их хортой юм.
Вакцин хийсний дараах байдлыг судалдаг бүтэн систем ажиллаж байна. Вакцины дараах хүндрэл нэг ч бүртгэгдээгүй гэдгийг албан ёсоор хэлье. Бүх цэгүүдээс өдөр бүр мэдээ авч байгаа” гэлээ.
Л.Баяр