Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд 2148 санал авах байранд 2615 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авах юм. Сонгогчийн санал авах ажиллагаа 2020 оны аравдугаар сарын 15-ны Пүрэв гарагт өглөөний 07:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл явагдана.
Сонгуулийн ерөнхий хороо, бүх шатны сонгуулийн хороод хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэлийг бүрэн хангаж, санал авах ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
Сонгуулийг зохион байгуулахаар сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд, нийт 21,176 төрийн албан хаагч ажиллаж байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч бүртгүүлэн үнэмлэхээ авч хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа.
Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдож, иргэд сонгогчдоо төлөөлөн орон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө ажиллах юм.
Сонгуульд оролцож буй нам, эвсэл болон нэр дэвшигчдийн ажиглагчид санал авах байруудад ажиллаж сонгуулийн үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг ажиглахаар бүртгүүлж, үнэмлэхээ аван бэлтгэлээ хангалаа.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран: Санал хураалтын явцад аль болох ил тод байдлыг хангаж, хуулийн дагуу явуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар маргааш оройдоо мэдээлнэ.
Сонгуулийн ирц, явцын мэдээллийг 12:00, 15:00, 19:00 цагуудаас хүргэнэ. Санал хураалт дууссаны дараа хуулийн дагуу 50 хүртэл хувьд гар тооллого хийнэ. Бид 50 хувьд хийхээр чиглэл, зөвлөмж хүргүүлсэн. Дүнг шууд дэлгэцээр гаргах боломжгүй.
Өмнө нь ч ингэж байгаагүй. Маргааш оройноос нөгөөдөр өглөө хүртэл сонгуулийн дүнг СЕХ-ны сайтаар үзэж болно. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр 20:00 цаг хүртэл авна.
УБЕГ-ын дарга Дэлгэрсайхан: Нийслэлийн хэмжээнд 1.1 сая сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн. Нэрийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг. Эхний хувилбарыг 9 сарын 28-н гэхэд өгсөн бол эцсийн байдлаар өнөөдөр бэлэн болгоод байна.
Нэрийн жагсаалттай холбоотой асуудал бөйнга гардаг. Сонгууль болгонд л нэг иргэн олон удаа нэрээ оруулсан, нэг регистер олон байна, нэг хаяг дээр маш олон хүн бүртгэсэн гэсэн асуудал гарсаар ирсэн. Нэрсийн жагсаалтыг маш олон байгууллага хамтран гаргадаг.
Хурууны хээгээр бүртгэдэг болсноос хойш бүх мэдээллийг нээлттэйгээр хянах боломжтой. Сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах боломж 100 хувь бий болсон. Нэрийн жагсаалттай танилцаад нэг хаяг дээр олон хүн байгаа тохиолдол нь халамж, асрамжийн төв болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хаягийн шилжилт хийгээгүй байх, задгай айлуудыг нэг тоогоор тэмдэглэх гэх мэт асуудлаас болоод нэг хаяг дээр олон хүн харагдах боломжтой” гэлээ.
Та бүхэн саналаа өгөхөөр очихдоо амны хаалтаа зүүж, өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын үүднээс бага насны хүүхэд дагуулж очихгүй байхыг хүсье.