Улаанбаатар хотын авто машин хэрэглэгчид өдөрт 1 цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөдөг болохыг Судалгаагаар тогтоосон байна. Улаанбаатартчууд саяхан тэг зогсолт хийсэн. тэг зогсолт хийсэнтэй холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригтой Itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа ажлын цагийн уян зохицуулалт руу шилжих талаар төлөвлөж байгаа талаараа дурдсан байна.
Тэрбээр хэлэхдээ “Түгжрэлийг бууруулах маш олон арга замууд байна. Бид бүхэн эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Тухайлбал Сентрал тауэрын баруун талд байрлах зогсоолыг авто зогсоолын нэгдсэн системд оруулан өчигдрөөс туршилтын зогсоолыг хийж эхэлсэн байгаа.
Мөн ажлын цагийн уян байдал дээр Нийслэлийн Засаг даргад санал хүргүүлсэн. Энэхүү саналыг дэмжиж судалгааг маш сайн хийх үүрэг даалгавар өгсөн байгаа. Тэгэхээр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын 4000 ажилчдаас цагийн уян байдал дээр өглөө 7 цагаас 10 цагийн оронд тухайн ажилтан сонголтоороо ирэх боломжтой байгаа гэдэг асуулгыг явуулахад 97 хувь нь дэмжсэн байгаа юм. Сошиал дээр энэ санал асуулгыг явуулахад 95 хувь нь зөвшөөрсөн байгаа. Тэгэхээр энэ шийдлийг энэ сардаа багтаан багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн замын ид ачаалалтай цагаар түгээлтийн авто машинуудыг нэвтрүүлэхгүй байх асуудлыг судалж байна” гэсэн байна.
Дэлхийн зарим томоохон хотууд, компаниуд уян хатан ажиллах цагийг ажилчиддаа олгодог болоод цөөнгүй хугацаа өнгөрсөн. Дэлхий дахинд 2020 оны эхээр хэрэгжих шинэ хууль тогтоомж нь 7 хоногийн ажлын 40 цагийг илүү уян хатан болгох талаар оруулж байна. Манай хотын хувьд ч зарим томоохон компаниуд энэ аргачлалыг аль хэдийн мөрдөж эхлээд байна.
Л.Баяр