Тээврийн цагдаагийн албанаас замын түгжрэлийг буруулах үүднээс Зүүн дөрвөн замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулах туршилт эхэллээ.
Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсээс өглөөний 07:30-09:00 цагийн хооронд буюу хөдөлгөөн хамгийн их ачаалалтай байдаг үед Зүүн дөрвөн замын уулзварт урдаасаа буюу Халдвартын эмнэлэг чиглэлээс хойшоо чиглэж байгаа замын хөдөлгөөнийг зөвхөн баруун гар тийшээ буюу зүүн зүг рүү эргүүлэх зохицуулалтыг хийж хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж үзжээ.
Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч Б.Ууганбаяр: “Энэхүү зохицуулалтыг хийснээр урдаасаа Чингисийн өргөн чөлөөгөөр орж ирж байгаа болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс ирдэг хөдөлгөөн Зүүн дөрвөн зам дээр ирээд баруун гар тийшээ эргээд явахаар хөдөлгөөний ачаалал хурдан сийрэх боломжтой гэж үзсэн учраас хөдөлгөөний чигийг өөрчилж байгаа.
Өнөөдөр энэхүү чиглэлийг өөрчлөөд үзэхэд Энхтайваны өргөн чөлөө буюу зүүнээсээ баруун тийшээ явж байгаа хөдөлгөөн маш сийрэг үргэлжилсэн. Тухайн тээврийн хэрэгслийн Намьянжүгийн гудамжнаас буюу урдаасаа ирж байгаа хөдөлгөөн нь бүгд зүүн гар тийш эргэж хөдөлгөөнд оролцохоор буцаж эргэж төв замаар хөдөлгөөнд оролцохоор хөдөлгөөний ачаалал хурдан багасаж байгаа” гэлээ.