Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуа нарын 15 хүнийг шүүх хурал өчигдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хурал өчигдөр завсарласан бөгөөд өнөөдөр 09.30 цагт үргэлжилнэ.
Хэргийг эргэн сануулахад, 2019 оны аравдугаар сарын 30-нд Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан байдаг.
Хэргийг шалгах явцад, дээрх иргэд Монгол Улсад мөнгө угаасан, цахим залилан, луйвар хийсэн болох нь тогтоогдсон юм. Улмаар дээрх хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын нэр бүхий иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргаад байгаа билээ. Монгол Улсаас албадан гаргасан хятад иргэдийг БНХАУ-ын Эрээн хот дахь цагдаагийн алба хаагчид хүлээн авч мөн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа билээ.