Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглаж, дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
Энэхүү өдрийн хүрээнд “Би чиний талд” өдөрлөгийг зохион байгуулж охид, хөвгүүдэд жендер болон жендерт суурилсан хүчирхийллийн талаар ойлголт мэдлэгийг олгож, хүүхдүүд өөртөө болон найзаа тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцаж, үзэл бодлоо илэрхийллээ.
Тус өдөрлөгт Нийслэлийн 9 дүүргийн 100 гаруй охид, хөвгүүд оролцсон ба урилгаар Монгол Улсын их сургуулийн социологи-нийгмийн ажлын тэнхимийн багш доктор, дэд профессор А.Батхишиг, НҮБ-ийн хүүхдийн сангийн өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг, НҮБ-ийн залуучуудын зөвлөх хорооны зохицуулагч А.Одонтуяа нар оролцож жендер болон жендерт суурилсан хүчирхийллийн талаар ойлголт өгөх, охидод зориулж охид бүтээсэн “Оки” гар утасны аппликейшныг танилцууллаа.
Мөн салбартаа амжилттай ажиллаж байгаа залуу үеийн төлөөлөл болох UB Life сайт, Гэрэг сэтгүүлийн захирал Ж.Хулан, Тэгш боломж төслийн удирдагч, загвар өмсөгч Х.Саруул, Комедиан Д.Амартүвшин нар оролцож өсвөр насныхаа талаар болон өсвөр насныханд тулгамдсан асуудлын талаар чөлөөт ярилцлага хийж нэгэн өдрийг хамт өнгөрүүллээ.