Өрх бүл бүхэн долоо хоногтоо 1 удаа гэр бүлийн хурал хийдэг өдөртэй болж хэвшвэл хүүхдэд маш олон талын зөв дадал, эерэг хөгжлийг өгдөг.
Гэр бүлийн гишүүд долоо, долоо хоногоор ээлжлэн тухайн өдрийн хурлыг удирдана. Ингэснээр хүүхэд аливааг зохион байгуулах арга эвд суралцдаг.
Гэр бүлээрээ тойрч суугаад (дундаа амттан тавьж болно) ээлжлэн хэлэх зүйлээ хэлж, санал бодлоо ярилцана. Ээлжлэхэд бөмбөг дамжуулах эсвэл савх барьж болно. Энэ нь эмх замбараагүй энд тэндээс ярихгүй бөмбөгтэй хүн нь ярих давуу эрхтэйг тодотгоно.
Энэ өдөр бол гэр бүлийн өнгөрсөн 7 хоногийг дүгнэх болон ирэх 7 хоногийг төлөвлөх чухал өдөр тул гишүүд бүгд байх тохиромжтой цагийг сонгоорой. (32 сар++ настай гишүүд бүгд боломжтой)
Хурлаараа:
-Санхүүгийн төлөвлөлт. Хэн, хэнд шинэ ном, дэвтэр бусад зүйлс шаардлагатай байгаа, цалин орлого болон байр хоолны мөнгийг хэрхэн зохицуулж байгааг энгийнээр тайлбарлана. Ингэснээр хүүхэд хэзээ хамаагүй дурын зүйл нэхэж шаардахаа больдог. Мөнгөний талаар зөв ойлголттой болж төлөвлөлт хийж сурна.
-Хүн бүрийн хийж амжих ажлыг тодорхойлж гэрийн ажлын хуваарилалтыг хийнэ. Мөн өмнөх 7 хоногт хэний хариуцаж авсан хэсгүүд эмх замбараагүй байсныг шүүж биш дүгнэн ярилцана. Ингэснээр хүүхэд үүрэг хариуцлагатай, цагийн зохист хуваарилалттай болно. Хийх зүйл нь хурлаар ярилцаад тодорхой болсон тул “-чи хий, би хийсэн” гэж хүүхдүүдийн дунд бие биетэйгээ барьцах асуудалгүй болдог. Хүүхэд бүхэнд насанд нь тохирсон гэрийн ажил даалгаж өгөөд түүнийгээ дүгнэх том хүснэгттэй байвал их зүгээр байдаг. Гүйцэтгэл сайн тохиолдолд стикер наах зэргээр үнэлээд хурлаараа түүнийгээ хараад ярилцана. (Өмнөх зөвлөгөөнүүдээс насанд тохирсон гэрийн ажлыг харж болно)
-Хэн нэг нь таагүй байдалтай өнгөрсөн болон ирэх 7 хоногт шалгалт гэх мэт онцгой тохиолдлыг харж үзэн түүнд урам дэм өгөх, гэрийн ажлыг нь хуваан авч хариуцах. Ингэснээр хүүхэд бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, бусдыг ойлгодог, хамт олны дотор өөрийгөө зөв илэрхийлдэг нэгэн болоход тусална.
-Шинэ санааны тухай хэлэлцэх эсвэл хүсэл мөрөөдлөө хуваалцах тойрог. Энэ хэсгээс хүүхэд бодол санаагаа чөлөөтэй илэрхийлж мөн бусдыг сонсож чаддаг болно. Энэ долоо хоногийн хамгийн их санал авсан шинэ санааг гэр бүлээрээ хэрэгжүүлээд үзээрэй. Хүүхдүүдийн тань бүтээлч сэтгэхүй ямар их өсөн нэмэгдэхийг та бүхэн хараад гайхах биз ээ.
-Хурлын явцад аав ээж сайн сонсож л өгнө. Шүүн тунгааж, заан зөвлөхгүй. Яг ижилхэн эрх, үүрэг, оролцоотой байхаас гадна хүүхдүүдийн нэг адил ажил хариуцаж авна. Хэлсэн үгэндээ үнэн, хариуцлагатай байснаар хүүхдүүд та бүхнээс үлгэрлэн төлөвшинө.
-Хурлын төгсгөлд хурал ахлагч хурлыг дүгнэж үүргүүдийг дахин товчхон танилцуулна. Боломжтой бол хуанли дээр тэмдэглээд нүдэнд ил байрлуулаарай.
Хүүхэд бүхэн аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн байхыг хүсье.
Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн багш)