Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 605 дуудлага мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 470 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Ослын улмаас дөрвөн хүн гэмтэж, орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
Аравдугаар сарын 10-ны 23.30 цагийн орчимд Архангай аймаг Их-Тамир сум Тайхар баг/ сумын төвөөс урагшаа 2,5 км/ асфальтан замд Nissan X-Trail маркийн машины жолооч Г нь явган зорчигч 59 настай, эрэгтэй Х-г мөргөж амь насыг нь хохироосон.
11-ний өдөр 16.40 цагийн орчим Завхан аймгийн Идэр сум, Дархан-Уул баг “Ацын даваа” /сумын төвөөс зүүн хойш 12 км/ шороон замд Hyundai Mighty маркийн автомашин онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй Б нас барсан хэрэг гарчээ.
Амралтын өдрүүдэд мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж торгуулийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 251 жолоочид хариуцлага тооцлоо.
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.