Дөрвөн минутын үнсэлт, жүжигчин бүсгүйн толгойг үнэлсэн хийгээд Кришна-“супермен”: Болливудын талаар та юу мэдэх вэ?
Гял цал, тод өнгийн дүрслэлтэй, уран зөгнөлт, тулааны үйл явдлаар дүүрэн, дээр нь дуу хуур, бүжиг наадам болсон, төгсгөл нь заавал аз жаргалтайгаар дуусдаг гээд Энэтхэгийн кино ертөнц буюу Болливудын талаарх бидний мэддэг төсөөлөл энэ. Дэлхийн кино урлагийн салбарт өнгийн гэсэн өнгө аяс, дүр төрхийг бүрдүүлсэн энэтхэг кинонд олон орны үзэгчид дуртай.
Энэтхэг кино нэгэн хэвэнд цутгачихсан мэт гэдэгтэй маргах зүйл үгүй. Гэхдээ Болливуд бол хиймэл маягийн тавилттай зодоон, дуу хуур, бүжиг болсон хайр дурлал, заанууд гэдгээс ч илүү ертөнц аж. Жишээ нь гэхэд, Энэтхэг Болливудаас гадна Толливуд байдаг гэдгийг та мэдэх үү? Бүр Сандалвуд, Колливуд гэж дуулж байсан уу? Хэзээ нэгэн цагт Энэтхэгийн артхаусын талаар сонсож байсан уу? Тэгвэл Энэтхэгийн кино урлагийн салбарын хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
““
1. Болливуд ганцаараа биш
“Болливуд” хэмээх нэр томъёо нь өөрөө Энэтхэгийн Мумбай хот (өмнө нь Бомей хот байсан), Америкийн Холливудын нэрийн нийлмэл юм. Үүний адил Холливуд нь АНУ-ын кино үйлдвэрлэлийн бүхэл бүтэн нүүр царай нь болж байдаг. Олон хүн энэ нэр томъёогоор Энэтхэгийн газар нутаг дээр үйлдвэрлэсэн бүх киног ойлгодог нь буруу гэнэ. Үнэн хэрэгтээ тийм биш.
Тус улс жил бүр 1000 гаруй кино бүтээдгээс 200-300 орчим нь л Болливудад ногддог. Тухайлбал, 2009 онд Энэтхэгт 1091 кино бүтээгдсэнээс хинди хэлээрх кино ердөө л 235 байсан гэдэг. Болливудаас гадна тус улсад телугу хэлээр кино гаргадаг Толливуд, тамиль хэлээр кино үйлдвэрлэдэг Колливуд бий. Эдгээр кино аваргууд бие биетэйгээ гаргасан киноныхоо тоогоор өрсөлддөг бөгөөд Болливуд үе үе өрсөлдөгчдийнхөө ард ордог гэнэ. Тухайлбал, 2005, 2006, 2008, 2014 онд Энэтхэгт телугу хэлээр хамгийн олон кино гарч байсан бол 2012, 2013 онд Колливудад үйлдвэрлэсэн кино хамгийн олон нь болжээ. Дашрамд дурдахад тамиль хэлээр зөвхөн Энэтхэгт биш, Шри-Ланкт ч кино үйлдвэрлэдэг.
Холливудтай адил Молливуд гэдэг нэр ч бий. Энэ бол малаялам хэлээр гардаг кино. Мөн Сандалвуд буюу каннада хэлээр гардаг, Олливуд буюу ория хэлээр үйлдвэрлэдэг кино гээд кино үйлдвэрлэлийн хэд хэдэн төв байдаг аж.
““
2. Усан сантай нүцгэн үзэгдэл
Түүхч Насрин Рехманы баталснаар “Болливуд” хэмээх нэр томъёо өнгөрсөн зууны 70-аад оны сүүлчээр үүссэн гэнэ. Харин 1990-ээд оны сүүлчээр Энэтхэгийн кинонууд АНУ, Их Британи, Баруун Европт гарч эхэлснээр өргөн тархаж, 2001 онд “Болливуд” хэмээх үг англи хэлний Оксфордын толь бичигт албан ёсоор орсон байна.
Гэхдээ мэдээж энэтхэг кино нэр томъёоноосоо нэлээд түрүүлж гарсан нь ойлгомжтой. Энэтхэгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино 1913 оны тавдугаар сарын 3-нд дэлгэцэнд гарсан түүхтэй. Энэ бол Дадасахеб Палькегийн зураг авсан “Ража Харишчандра” хэмээх кино. Уг киноны гол үйл явдал нь анхандаа хаанчлалаасаа, дараа нь эхнэр, хүүхдүүдээсээ татгалзаад Вишвамитр ухаантанд амласан амлалтаа биелүүлж буй ража Харишчандрагийн тухай домгоос сэдэвлэсэн. Гэтэл удалгүй бурхад ражаг ийм байдлаар туршсан нь тодорхой болдог. Түүний үнэнч байдал, шударга занд сэтгэл нь ханасан бурхад ражаг ивээж, өмнөх нэр хүндийг нь эргүүлэн авчирдаг. Энэ бол дуугүй хар цагаан кино ч тухайн үедээ олныг шоконд оруулам үйл явдал гардаг байна. Гол дүрийн баатар эхнэр Тарамати дээрээ ирэхэд гэргий нь зарц нарынхаа хамт усан сан биеэ барьсан нойтон саритай байгаа үйл явдлыг олон хүн санадаг. Гэхдээ энд нэг содон зүйл байгаа нь энэ хэсэгт нэг ч эмэгтэй хүн тоглоогүй, бүх дүрийг нь дүрд хувирсан эрэгтэй жүжигчид гүйцэтгэсэн гэдэг.
““
3. Дөрвөн минут үргэлжилсэн үнсэлт
Энэтхэгийн кино цензур тал дээр нэлээд төвөгтэй. Саяхныг хүртэл удаан хугацаанд үнсэлцэж байгаа, нүцгэн хүнтэй хэсгийг кинонд оруулбал өргөн олонд гаргахыг зөвшөөрдөггүй байлаа. Харин тус улс Их Британийн засаг захиргаанд байх үед энэ асуудал илүү энгийн хандаж байсан юм.
Зураг авалтын үеэр үнсэлцсэн хамгийн анхны хос бол “Шоо” хэмээх дуугүй кинонд тоглосон Чару Рой, Сита Деви нар. Харин үнсэлцдэг хэсэгтэй хамгийн алдартай кино бол “Хувь заяа”. Энд жүжигчин Девика Рани хосынхоо уруулаас бүхэл бүтэн 4 минутын турш уруулаа салгаагүй юм.
Гэвч тус улс тусгаар тогтносны дараа иймэрхүү задгай үзэгдлүүдийг хасаж, оронд нь хөгжим явуулах буюу модны мөчрөөр хаах, бие биеэ энхрийлж буй хос хунг дүрслэн үзүүлэх зэргээр ёгтлол хэрэглэдэг болсон байна. Гэхдээ сүүлийн 10 жилийн хугацаанд байдал илт өөрчлөгдөж, Энэтхэгийн нийгэмд бугшсан хуучинсаг үзэл багасчээ. Өдгөө дэлгэцэнд хоёр хүн үнсэлж байгаагаар гарвал хэн ч айж ичиж эмээхээ больсон байна. Гэсэн хэдий ч зарим жүжигчид урьдын адил киноны хостойгоо үнсэлцэхээс татгалздаг хэвээр байгаа аж. Жишээ нь гэхэд жүжигчин Шакрух Хан энэ зарчмыг баримталдаг. Харин эсрэгээрээ жүжигчин Эмран Хашми л гэхэд Болливудад байнга үнсэлцдэгээрээ алдартай, “гол үнсэлцэгч” гэхэд болно.
““
4. Кришна-супер баатар
Энэтхэг киноны уран зөгнөл үндэсний тууль, домог зэрэгхэнээс хязгаарлагддаг гэж бодож байвал та төөрөгдөлд оржээ. Энэтхэг хөвгүүдэд өөрийн гэсэн орчин цагийн супер баатар байдаг. Түүнийг Крриш гэдэг. “Крриш” нь 2006 оны зургадугаар сарын 23-нд дэлгэцнээ гарсан найруулагч Ракеш Рошаны фантастик кино юм. “Чи ганцаараа биш” киноны үргэлжлэл болсон энэ кино “Крриш 3” нэрэн доор үргэлжилдэг. Гол дүрийн баатар нь Кришна Мехра хэмээх Жаду нэртэй харь гарагтай уулзсаныхаа дараа ер бусын чадвартай болсон Рохит Мехрагийн хүү. Кришна ч бас ер бусын их хүчтэй, нисэх чадвартай. Нэг удаа Рохитаг өөрийнхөө зорилгодоо ашиглахын тулд хорон санаат Ария хулгайлдаг. Энэ үед Кришнагийн эмээ ач хүүгээ хорон санаатнаас хамгаалахын тулд алс холын хөдөө рүү авч явж, тэндээ нуудаг. Кришна нас биед хүрмэгцээ эцгийгээ олж, чөлөөлөхөөр Сингапурт ирдэг. Ингээд хотод Крриш нэртэй, хар багтай нууц баатар бий болдог.
Энэ киног барууны хувилбараар хийсэн бөгөөд бидэнд дасал болсон Болливудтай төсгүй гэдгийг сануулах хэрэгтэй. Яг л сонгодог америк супер баатрууд шиг чанартай графиктай, таамаглахын аргагүй үйл явдлуудтай. Гэхдээ кино үзэгчдэд таалагдсан аж. Ингээд гурван ангит киноны сүүлчийн хэсэг “Крриш 3” 2013 оны арваннэгдүгээр сарын 1-нд дэлгэцэнд гарахад Болливудад гэрийн үзвэрээр дээд амжилт тогтоож, Энэтхэгийн зах зээлээс 38 сая доллар олсон юм.
5. Киноны дон шүглэсэн улс
““
Энэтхэгт кинонуудыг үйлдвэрийн урсдаг замаар гаргадаг шиг л үйлдвэрлэдэг гэхэд болно. Тус улс жилд 1000 орчим кино үйлдвэрлэдэг. 2010 оны сүүлчээр Энэтхэг улс АНУ, Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн том кино үйлдвэрлэгч орон болсон юм. Энэтхэг кино өдгөө дэлхийн 90 гаруй улсын дэлгэцээр гарч байна.
Энэ улсад өөрөө 20 гаруй хэлээр кино үйлдвэрлэдэг ч Болливуд одоогоор киноныхоо тоогоор дэлхийд тэргүүлсээр байна. Одоогийн тооцооллоор энэтхэгчүүд жил бүр 2,7 тэрбум киноны тасалбар худалдан авдаг. Энэ бол дэлхийн хамгийн өндөр үзүүлэлт. Гэхдээ киноны тасалбарын үнэ хамгийн хямдад ордог болохоор кассын орлого нь Холливудынхаас бага байдаг.
Бас нэгэн сонирхолтой баримт гэвэл ийм их тасалбар борлуулагддаг хэрнээ Энэтхэгт кинотеатр тун цөөн. АНУ 40 мянган кинотеатртай байхад энэ улс ердөө л 13 мянган кинотеатртай байх жишээний.
““
6. Дхрупад хэмээх Энэтхэгийн таавар мэт дуулал
Хөгжим бол киноны салшгүй нэг хэсэг. Харин Энэтхэгт хөгжимд онцгой ач холбогдол өгдөг. Энэтхэгийн хамгийн анхны дуутай кино бол Ардершир Иранийн “Ертөнцийн гэрэл” юм. Энэ кинонд нийт 7 дуу орсон ч нийтийн дунд гайхалтай амжилтад хүрсэн юм. Үүний араас Ghar Ki Lakshmi, Shirin Farhad хэмээх кинонууд гарч, сүүлийнх нь кино 17 дуу оруулсан байна. 1932 онд гарсан Inder Sabha хэмээх кино бүр 71 дуутайгаараа дээд амжилт тогтоосон байдаг.
Энэтхэг киноны дуунууд ихэвчлэн хүүрнэсэн утгыг гаргадаг бөгөөд тухайн баатрынхаа хайр дурлал, сэтгэл хөдлөл, шаналлыг илүүтэй харуулдаг. Ерөнхийдөө үндэсний дуу, дуулах манер зэрэг нь олон жил өөрчлөгдөөгүйгээс хооронд нь андуурах тохиолдол бишгүй.
Энэтхэгийн сонгодог хөгжмийн энэ жанрыг дхрупад гэдэг бөгөөд Энэтхэгийн эртний дуулах стильд тооцдог. Дуурьтай харьцуулдаг боловч нэлээд хэдэн ялгаа бий. Болливудын кинонуудаас хамгийн олон дууг нь дуулсан хүмүүсээр Нур Жехан, Лата Мангешар нарыг нэрлэдэг. Тэдний дуулах манер нь дуучдын олон үеийг чиглүүлэхэд тус болсон байдаг. Дхрупад жанраар гоцлол дуу дуулахад маш өндөр давтамж дээр дуулдаг байна.
““
7. Энэтхэг маягийн артхаус
Бусад орнуудтай адил Энэтхэгт нийтийн, өргөн олны сонирхолд нийцсэн зугаатай кино давамгайлдаг. Гэхдээ 1960-аад оны сүүлчээр “параллель кино” буюу “Шинэ Энэтхэгийн давалгаа” гэх өөр салбар гарч ирсэн юм. Энэ чиглэл Энэтхэгийн бүх киноны 3% хамаардаг. Үндсэндээ бага төсвөөр бүтээгддэг, орчин цагийн бодит амьдралыг харуулсан, мэргэжлийн бус жүжигчид тоглож, натурын зураг авалтыг ашигласан кинонууд байдаг.
Шинэ Энэтхэгийн давалгааны анхны төлөөлөгчийг найруулагч Мринал Сений “Бхуван Шом” киног тооцдог. Параллель кинонд түүнчлэн Бас Чаттержийн “Бүх тэнгэр”, Р.С.Бедийн “Хаалга цохих чимээ”, Мани Каулын “Ашаддх сарын нэг өдөр”, Кумар Шаханийн “Шидэт толь”, А.Каулийн “27 дугаарын галт тэрэг” багтдаг байна.
1970-аад оны хоёрдугаар хагаст тус улсад үүссэн улс төрийн хямрал, “шинэ давалгаа”-ы төлөөлөгчдөд дэмжлэг үзүүлэхгүй болсон зэрэг хүнд үе тулгарч байсан юм. Гэвч 1980-аад оны эхээр энэ чиглэл дахин сэргэж, Говинда Нихаланийн “Шархадсан хүний хашхираан”, Саид Мирзагийн “Альберт Пинто яагаад уурлав”, Рабиндра Дхармаражийн “Үүсэл”, Шьям Бенегалын “Манай эрин” киногоор ид цэцэглэлтдээ хүрсэн. Энэтхэгийн артхаусын бас нэгэн тэсрэлт 1990-ээд оны төгсгөлөөр Рама Гопал Вармагийн “Урвалт” киноны амжилтаар дахин тохиосон юм.
““
8. Хатныг шатааж, жүжигчин эмэгтэйн толгойг ав
Ямар ч урлагийн, тэр дундаа киноны гол бодлого бол хүнийг аливаа зүйлийг аль нэг талаас нь бодуулах явдал юм. Урлаг үргэлж л биднийг ямар нэгэн зүйлд өдөөн хатгаж, даллан дуудаж байдаг. Харамсалтай нь заримдаа хүмүүсийн дургүйцлийг төрүүлэх нь ч зөндөө. Яг үүн шиг “Падмавати” хэмээх кино Энэтхэг даяар олон нийтийг хамарсан эсэргүүцэл дэгдэх шалтгаан болсон юм. Киног бүтээгчид уг киног 2017 онд нээхээр төлөвлөж байсан ч нээлт нь 2018 оны нэгдүгээр сарын 25-нд болсон байдаг. Гэвч энэ бүгдэд улс орныг хамарсан ардын бослого саад болжээ.
Уг кино нь царайлаг, ухаантай хатан, Меварын ван Ратан Сингхийн гэргий Падмаватигийн тухай XVI зууны туулиас сэдэвлэжээ. Домог ёсоор мусульманы хүчирхэг султан Ала ад-Дин аль-Хильжи Мевар луу дайрч, Падмавати хатныг булаан авахыг санаархдаг. Ингээд тэрбээр Ратан Сингхийн дайчдыг ялж чадсан боловч хатныг булаан авч чадаагүй байна. Үнэнч Падмавати хатан бусад эмэгтэйчүүдтэй хамт зулын гол болжээ.
Олон нийт эсэргүүцэх болсон гол шалтгаан нь кинонд аль-Хильжи султаны дүрд хувирч Падмавати хатантай ойртсоныг харуулдаг үйл явдал гарсан гэх цуу яриатай холбоотой юм. Найруулагч Санжай Лила Бхансали энэ мэдээллийг үгүйсгэсэн ч цуу яриа цааш улам дэгдэж, уурлаж хилэгнэсэн эсэргүүцэгчид машин шатааж, кинотеатрууд руу халдаж, киног нээхийг хоригложээ. Харин гол дүрд тоглосон Дипика Падукона хэмээх жүжигчин бүсгүйд сүрдүүлэг ирж, толгойг нь 50 сая рупий буюу 660 мянган доллараар хүртэл үнэлсэн байна. Ийм дуулиан дэгдсэн хэдий ч кино дэлгэцнээ гарч, прокатнаас 23 сая орчим доллар олжээ.
““
9. Кино бол эцгийн эрх ёсны үүд
Болливудын одод эх орондоо бол бараг л амьд бурхад юм. Гэхдээ эрчүүдэд энэ нь голдуу хамаардаг. Энэтхэг улс одоо ч хуучинсаг, эцгийн эрхт үзэлтэй орон хэвээр байгаа бөгөөд энэ нь кино урлагт ч тусдаг байна.
Болливудын хэвшмэл баатрууд олон жилийн өмнөхтэй адил царайлаг, өөртөө итгэлтэй, нас бие тогтсон эрэгтэйчүүд хэвээр байгаа юм. Үүний тод жишээ бол Шахрух Хан, Салман Хан, Аамир Хан гэх ах дүүс. Энэ 3 өдгөө нас 50 гарсан хэдий ч байр сууриа хараахан тавьж өгөөгүй л байна. Эдгээр жүжигчид эх орондоо хэдэн зуун сая эмэгтэй фэнтэй. Арми шиг л гэсэн үг.
Мэдээж тэдэнтэй хамтран тоглох эмэгтэйчүүд нь залуу охид бүсгүйчүүд байдаг ч үзэгчид үүнд нь дургүйцнэ гэж үгүй. Гол дүрийн эмэгтэй нь хэчнээн сайхан бүсгүй байсан ч түүнийг өөрчилж болдог бол эрэгтэйг нь өөрчилнө гэж байхгүй.
Энэтхэг кинонд эмэгтэй хүн эрчүүд арай л хувь доогуур байдаг. Жишээ нь 10-20 жилийн өмнө жүжигчин эмэгтэйн нас, гэр бүлийн байдал карьерт нь ноцтойгоор нөлөөлдөг байлаа. 30 гарсан эмэгтэйчүүдэд барагтай л бол гол дүр өгдөггүй бөгөөд тоглож болох дүрүүд нь хэн нэгнийх нь ээж, хадам ээж зэрэг болдог байв. Үүнээс гадна нөхөрт гарлаа л бол автоматаар тэтгэвэртээ гарч байгаатай адил зүйл болно. Гэрлэсний дараа кинонд тоглохыг байж болшгүй зүйл гэж үздэг байна. Азаар дэлхий ертөнц өөрчлөгдөж, хуучинсаг Энэтхэгт ч олон зуун жил тогтсон эмэгтэйчүүдийг дорд үздэг байдал харьцангуй багасч байна. Сүүлийн жилүүдэд олон кинонд гол дүр нь эмэгтэй хүн байдаг болжээ.
10. Болливудын дээд амжилтууд
Эцэст нь Болливудын кинонуудын “хамгийн, хамгийн”-ыг дуулгах гэж байна. Таныг гайхшируулах нь лавтай. Болливудад авсан хамгийн урт кино бол “Хяналтын шугам”. Энэ кино 4 цаг гаруй үргэлжилдэг.
“Үнэнч зан” кинонд гардаг «Ab tumhare hawale watan sathiyo» дуу нь хинди хэлээр гарсан кинонуудын хамгийн урт дуу. Энэ дуу 20 минут үргэлжилж, кинонд 3 хэсэг хуваан оруулжээ.
“Агуу Могол” (1960) киног бараг 16 жил зураг авчээ. 15 жилийн турш Энтэхгийн хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарч, 1975 онд “Өс хонзон ба хууль” кино гарснаар байр сууриа тавьж өгсөн гэдэг.
“Хайртай гэж хэлээч” (2002) кино хамгийн олон тооны шагнал хүртсэнээрээ Гиннесийн дээд амжилтын номонд оржээ. Энэ кино нийтдээ 92 кино шагнал хүртсэн байна.
Ражкумар Хиранийн «Гурван тэнэг» (2009) кино 3 тэрбум энэтхэг рупийгийн орлогыг давсан Энэтхэгийн анхны кино болсон бол найруулагч Нитеш Тиварийн «Дангал» (2016) кино 20 тэрбум рупийг давж, амжилт тогтоожээ. Гэвч энэ хоёр дээд амжилтыг 2008 онд найруулагч Дэнни Бойл, Лавлин Тандан нарын “Ядуусын хорооллоос гарсан саятан” кино эвдсэн түүхтэй. Энэхүү дуулиант кино дэлхийн кино прокатнаас 378 сая доллар олсон юм.
Эх сурвалж: Mir24.tv
Марта