Амттанд дургүй хэн байлаа. Таргалуулж, шүд өвтгөдгийг нь мэдсээр байж чихэрлэг зүйлсэд ухаангүй дурладаг хүн тоймгүй олон. Харин тэр бүх амттаны эх бол мэдээж элсэн чихэр.
Британичуудын цагаан алт хэмээсэн эл нунтаг эд XVI зууны эхэнд сая сая африкчуудыг Америкт аваачсан. Карибын тэнгис дэх бүх улс, өмнөд Америкийн дийлэнх хэсэг болон АНУ-ын өмнөд нутгийн түүхийг элсэн чихрийн түүхий эд болох нишингэ шиг өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүн үгүй. Чихрийн үйлдвэрлэлийн ашиг асар их байсан бөгөөд магадгүй Америкийг Их Британиас тусгаар тогтноход нөлөөлсөн гол хүчин зүйл нь өнөөх цагаан алт байх. Өдгөө Бразил нишингэ тариалалтаараа дэлхийд тэргүүлдэг. Хачирхалтай нь, Америкийн унаган байгальд эл тариа огт ургадаггүй байв. Зүүн өмнөд Азийн “уугуул” чихрийн нишингэ нь 1492 онд өнөөгийн Доминиканы Бүгд найрамдах Улсын нутагт хүрсэн Кристофер Колумбын хамт анх шинэ ертөнцөд очжээ. Халуун орны уур амьсгалд ургац сайтай байсан тул Америкийн шинэ оршин суугчдын дунд чихрийн нишингийг амин зуулгаа болгох хүний тоо хурдацтай өссөн байна.
Испанийн колоничлогчид Доминикан дахь Колумбын тариалангийн талбайгаас авчирсан үрээ Карибын тэнгис дэх эзэмшил газрууддаа тараав. XVI зууны сүүлээр португалчууд чихрийн нишингийн үрийг Бразилд авчирснаар чихэрлэг тариа Барбадос, Гаити зэрэг Британи, Голланд, Францын эзэмшил газруудад тархжээ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлсэн тариалангийн талбайд ажиллах хүн хүч дутагдахыг Америк нутгийн шинэ эзэд удалгүй ойлгож хахь өөр ертөнцөөс боол авчрах “мэргэн” санаа олов. Боолуудыг тээсэн анхны хөлөг 1505 онд Америкийн эрэгт хүрсэн бөгөөд дараагийн 300 гаруй жилийн турш эл нүүдэл үргэлжилжээ. Боолуудын дийлэнхийг португалчуудын зааны яс, халуун ногоо болон бусад бараа таваараа цуглуулдаг байсан баруун Африкаас авчирдаг байв. Эл харгислал сая сая хүнийг ангал руу түлхсэн ч ихэнх европчуудын хувьд ердөө л худалдаа, аж ахуйнх нь салшгүй хэсэг байлаа.
Чихрийн үйлдвэрлэлээс үүдсэн боолчлолыг түүхэнд Худалдааны гурвалжин хэмээдэг. Африкаас шинэ ертөнц рүү аваачсан боолуудын үнэлэгдээгүй хөдөлмөрөөс олсон ашгийг Европын нийслэлүүдэд аваачин борлуулж, орлогоороо Африкаас илүү олон боол авчрахыг ийн нэрлэдэг байна. XIX зууны дунд үе гэхэд 10 сая гаруй африкчууд хүчинд автан шинэ ертөнцөд боол болжээ. Боолчлол цэцэглэсэн гурван зууны турш элсэн чихэр Европын эдийн засгийг хөдөлгөгч гурав дахь гол таваар болсон байна. Цагийн эрхээр техник технологи хөгжиж элсэн чихрийн найрлага орцтой түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний тоо өссөн тул Сейнт Китсээс Ямайк хүртэлх газар нутагт чихрийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бэл бэнчин мянга, бүр саяар тоологдох болов. Элсэн чихрийн гол нийлүүлэгч тэдгээр эзэмшил газрууд, ялангуяа Британи, Францын мэдэлд байсан газрууд 1700-гаад онд хойд, өмнөд Америкийн газрын зургийг өөрчилсөн юм.
Зарим түүхчийн үздэгээр Британи нишингийн үйлдвэрлэл хөгжсөн арлуудаа хамгаалсаар Америк дахь 13 эзэмшил нутгаа алдсан. Мөн Кариб болон АНУ-ын өмнөд хэсэг дэх боолууд цагаан арьст эздээсээ хэд дахин олон болсон нь Америкийн өнгө төрхийг өөрчилсөн. Британи газрын эзэд боолуудын бослогоос айсандаа цэрэг армийнхнаас тусламж хүссэн нь британичуудыг Хувьсгалт дайнд ялагдахад нөлөөлжээ. Европын их хүчнүүдийн хувьд чихрийн үйлдвэрлэлд таатай уур амьсгалтай газар нутаг гэдэг эрхэм чухал байсан нь үүнийг гэрчилнэ. Өөр нэгэн жишээ дурдахад, Британийн хаан III Жорж хойд Америкийн өргөн уудам нутгийг Карибын тэнгис дэх чихрийн хэдхэн арлаар Францтай наймаалцжээ. Нишингэ ургадаггүй ч Канадын өргөн уудам тал, Миссиссиппи мөрний зүүн эрэг үржил шимт нутаг билээ. Гэтэл III Жорж хааныг “аймшигтай” алдаа гаргасан гэж боддог хүмүүс өнөө ч бий. Цагаан алт ийм л үнэтэй.