Дэлхийн хүн ам өдгөө 7,5 тэрбумаар тоологдож байна. Энэ гараг маань олон жил ийм олон хүнийг тээх чадвартай юу? Хэрэв хүн ам улам нэмэгдвэл цаашид юу болох бол. Энэ асуудлаарх бэлтгэсэн материалыг хүргэж байна.
8, 9 эсвэл 10 тэрбум
Дэлхийн хүн амын дээд хэмжээ 9-10 тэрбумаас хэтрэх ёсгүй гэж олонх эрдэмтэд үздэг. Тэдгээрийн тоонд Харвардын их сургуулийн социобиологич Э.Уилсон ордог. Тэрбээр дэлхийн нөөцийн тооцоололд тулгуурлан энэ дүнг гаргаж, “The Future of Life” номондоо бичсэн байна.
Уилсоны бичсэнээр бүх хүн мах идэхээ больсон тохиолдолд үржил шимтэй 1,4 тэрбум га газраар 10 тэрбум орчим хүнийг тэжээх боломжтой гэжээ. Эрдэмтний хэлснээр 3,5 тэрбум га газар нь жилд 2 тэрбум орчим тонн үр тариа үйлдвэрлэх хүчин чадалтай. Үүгээр 10 тэрбум ногоон хоолтныг хооллож болох ч махан хүнс хэрэглэдэг бол 2,5 тэрбум хүнийг л тэжээх боломжтой гэсэн байна.
Хүнсний үүднээс авч үзвэл 10 тэрбум хүн хамгийн дээд хязгаар байж болох нь.
Усны хүрэлцээ
Тариалангийн газраас гадна цэвэр усны хүрэлцээ ирээдүйд маш санаа зовоох асуудал болно. Насанд хүрсэн хүн өдөрт 4-өөс доошгүй литр ус хэрэглэх шаардлагатай.
АНУ 2010 онд 1,3 их наяд литр цэвэр ус хэрэглэсэн нь нэг хүний 4000 гаруй литр гэсэн үг юм. Үүний талыг нь цахилгаан боловсруулахад, 1/3-ыг нь усалгаанд, 1/10-ыг нь өрхийн хэрэгцээндээ ашиглажээ.
Хэрэв 7,5 тэрбум хүн Америкийн түвшнээр ус хэрэглэсэн бол дэлхийн усны хэрэглээ жилд л 10 мянган шоо километрээр нэмэгдэх байлаа. Гэтэл дэлхий дээр 91 мянга орчим л шоо километр цэвэр ус бий.
images-1 Манай гараг хэдэн хүн дааж чадах вэ?
ДЭМБ-ын мэдээлж байгаагаар 2,1 тэрбум хүн аюулгүй ундны усны хүрэлцээгүй нөхцөлд аж төрдөг бол 4,5 тэрбум хүн эрүүл ахуйн асуудалд ороод байгаа юм. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад усны эх үүсвэр нь бичил организм, бордоо, хүнд металлаар бохирлогдсон байх магадлалтай тул Уилсоны 10 тэрбум гэх тоо улам л багасна гэсэн үг.
Биднийг юу хүлээж байна вэ?
Үүнээс гадна азотын цикл, фосфорын хэмжээ, агаар дэх нүүрстөрөгчийн агууламж зэрэг бусад хүчин зүйлс ч бий.
2050 он гэхэд дэлхийн хүн ам 9 тэрбумыг давах бол энэ зууны сүүлчээр 10 тэрбумд хүрэх хандлагатай.
Тэгэхээр цаашид юу болох бол?
Зарим эрдэмтэд хүн амын хэмжээ тогтоно гэж үзэж байна. НҮБ-ын дэлхийн хүн ам зүйн чиг хандлагын үнэлгээгээр гэр бүлийн гишүүдийн тоо улам цөөрнө гэжээ. 230 улсаас авсан мэдээллээс үзэхэд 1950-иад оноос эхлэн төрөлт багасч эхэлсэн байна. Дэлхий дахинд төрөлтийн коэффициент буурч, нэг эмэгтэйд 2,1 хүүхэд ногдож байна. Өөрөөр хэлбэл төрсөн хүүхдийн тоо, нас баралт хоёр тэнцэнэ гэж үзжээ. Тиймээс дэлхийн хүн ам 9-10 тэрбумд тогтоно гэж эрдэмтэд үзэж байна.
Updown.mn