Баянзүрх дүүрэгт өнгөрсөн есдүгээр сарын 20-нд шилжих шөнө есөн настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан хэрэг гарсан.
Одоогоор хойд эцгийг нь цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Улмаар охины хойд эцэг хэргээ хүлээсэн бөгөөд талийгаачийг газарт унагаж, хэвлий тус газарт нь өшиглөсөн гэж мэдүүлжээ.
Энэ гэмт хэргийн талаар өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Саяхан есөн настай охин харамсалтайгаар амиа алдсан. Энэ гэр бүл өмнө нь нийтийн байранд амьдарч байсан юм билээ. Тэр нийтийн байрны оршин суугчид бүгд эхнэр, хүүхдээ зоддог гэдгийг мэдэж байсан. Тэд тухайн үед энэ үйлдлийг таслан зогсоож, дуудлага өгсөн бол тэр охин өнөөдөр амьд мэнд байх байсан.
Охины амийг аварч болох байсан. Хойд эцэг нь хоёр сарын өмнө охины 11 хавиргыг хугалсан. Үүнийг цагдаагийн байгууллага мэдэж байсан. Охиныг өшиглөсөн гэж мэдүүлсэн байна. Энэ бүх гэр бүлийн хүчирхийллийг хөршүүд нь мэддэг. Энэ болгон дээр дуудлага өгч, шинж чанараас нь шалтгаалж шийтгэл оноож байх хэрэгтэй байна.