Америкийн алдарт General Motors компаниас ХХ зууны эхэн хагаст цахилгаан тээврийг устгах гэсэн томоохон хуйвалдаан сүүлд үр дагавраар нь тайлагдаагүй бол хэн ч мэдэхээргүй өнгөрөхөөр байлаа.
1920-иод онд автомашины борлуулалт огцом унаж, зах зээл ханажээ. Машинтай болохыг хүссэн болгон аль хэдийнэ худалдаад авчихсан байв. Үлдсэн нь трамвай хэмээх хамгийн алдартай нийтийн тээврээр явдаг байлаа. Трамвайгаар жилд 15 тэрбум зорчигч үйлчлүүлдэг байсан гэнэ. Энэ үеэс л өрсөлдөгчөө устгах кампанит ажил эхэлжээ.
General Motors компани Firestone Tire, Standard Oil of California болон Phillips Petroleum компаниудтай хамтран 1936-1950 онд зохиомлоор бий болгосон компаниудаар дамжуулан трамвайны шугамыг худалдан авч, хаажээ. Эрх бүхий албан тушаалтнуудад шууд сүрдүүлэг, шантааж, хууран мэхлэлт, хээл хахууль зэргийг хэрэглэж, эрх баригчид болон банкны салбарын өргөн их холбоогоо ашиглаж байлаа.
Ингээд трамвайны оронд GM-ийн үйлдвэрлэсэн автобуснуудыг нийтийн тээвэрт шахаж эхэлсэн байна. Хүмүүс бүгчим, өмхий үнэртэй шинэ автобуснуудаас залхаж, хувьдаа автомашин худалдан авах нь нэмэгджээ. Энэ нь хуйвалдаан үүсгэсэн компанид давхар ашиг авчрах нь мэдээж.
АНУ-ын Сенатын зөвлөх асан Брэдфорд Снеллийн 1974 онд гаргасан баримт улс орон даяар “Трамвайн алуурчин” гэдэг нэр авчээ. Шүүхээс харамсалтай нь тэрбумтны эзэмшдэг General Motors-т тун өгөөмөр зан гаргаж, 5000 ам.долларын торгууль ногдуулсан гэдэг. Энэ нь удирдлага бүр нь 1 долларын торгууль төлсөн гэсэн үг юм.