Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цаc орно. Өнөөдөр өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Энэ сарын 9-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын төлөв:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Дорнод-Дарьгангын тал нутаг болон говийн бүс нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0 градус орчим, өдөртөө 9-11 градус дулаан байна.