Монголын говиос хоёр хуруутай, шүдгүй үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олсон тухай Эдинбургийн их сургуулийн судлаачид танилцууллаа. Ойролцоогоор зуун сая жилийн тэртээ амьдарч байсан эдгээр амьтад нь тотьтой илүү төстэй өд сөдтэй, шүдгүй холимог тэжээлтэн байсан тул Oksoko avarsan гэж нэрлэжээ.
Энэхүү нээлт нь амьтад хэрхэн хувьслын замаар хөл, хуруугаа алдаж байсныг тайлбарлахад тусална гэж эрдэмтэд үзэж байна.
Харин Монголоос олдсон шинэ төрөл зүйл нь урд хоёр мөч нь хоёрхон хуруутайгаараа бусад ижил төрлийнхнөөсөө ялгарч байна. Овираптор гэж нэрлэдэг ийм төрлийн үлэг гүрвэлүүд урд мөчиндөө гурван хуруутай байдаг ажээ.
Малтлагын үеэр нэг дор олон араг яс олдсон тул шинэ төрөл зүйл 2 метр хүртэл урт биетэй, бөөндөө сүрэглэж амьдардаг байсны нотолгоо болжээ.
Судалгаанд Канадын Альбертагийн их сургууль, Японы Хоккайдогийн их сургууль, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэд оролцжээ.