УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 07-ны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл, ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцууллаа.
Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, П.Анужин, Н.Учрал нар асуулт асууж, гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун хариулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Кино урлагийг дэмжих сангийн ажлыг ямар бодлогоор хэрхэн авч явж байгаа талаар болон тус санд төвлөрүүлэхээр тусгасан 10 тэрбум төгрөгийг зарцуулах талаар тодруулсан бол УИХ-ын гишүүн П.Анужин цирк, кино үйлдвэр, кино театрын менежментийн хувьчлалыг дагаад ажил нь доголдсон учир тэдгээрийг сэргээх талаар ямар бодлого, чиглэл баримталж байгааг тодрууллаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал ашиг олох зорилгоор арилжааны кино хийдэг ч өв соёл, түүхээ харуулсан кино гарахгүй байна гээд өв соёл, түүхийг таниулсан киног захиалж хийлгэх, Кино урлагийг дэмжих санг хөндлөнгийн удирдлагатай болгох талаар болон тус сангийн менежменттэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх асуудлын талаар тодруулсан юм.
Соёлын сайд С.Чулуун гишүүдийн асуултад хариулахдаа, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу зохицуулдаг, цирк, кино үйлдвэр, кино театр зэрэг менежментийн хувьчлалаар хувьчилсан газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах нь шинэ яамны өмнө тулгамдаж байгаа бодлогын асуудал болоод байгаа, мөн Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг хөндлөнгийн төлөөлөл, мэргэжлийн зөвлөлд хариуцуулах, тус санг хөрөнгөжүүлэхэд анхаарч байгаа гэдгийг онцлов.
Гишүүд кино урлагийг хөгжүүлэх бодлогын асуудалд төрийн дэмжлэг зайлшгүй байх шаардлагатайг онцолж байлаа.