Манай улс амьжиргааны төвшин доогуур иргэдэд хүнсний талон олгодог. 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн тус хөтөлбөрт 44325 өрхийн 240 мянган иргэн хамрагддаг байна. Үүнээс насанд хүрсэн 122.3 мянган хүн байгаа.
Тэгвэл дэлхий нийтэд цар тахал гарсантай холбоотойгоор сар бүр насанд хүрсэн хүнд олгодог байсан 16 мянган төгрөгийг 32 мянга, хүүхдэд олгодог байсан 8000 төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлж 16 мянган төгрөг болгон тус бүр хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард гаргаж байсан. Тус шийдвэр тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Гэхдээ ирэх оны төсөвт 2021 оны зургадугаар сарыг дуустал насанд хүрэгчдэд 32 мянган төгрөг, олгох бол хүүхдийн хүнсний талоныг хуучин хэвэнд нь буюу буулгаж 8000 төгрөг олгохоор тусгасан байна.
Иргэд талоноор мах, сүү, гурил, өндөг, хүнсний ногоо, хүүхдийн будаа, жимс жимсгэнэ зэрэг 10 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.