Нобелийн долоо хоног эхэлж эздээ тодруулж эхэллээ. Өчигдөр орой /2020.10.05/ Физиологи Анагаах Ухааны чиглэлээр энэ жилийн Нобелийн шагналтнуудыг зарлалаа.
Энэ удаад элэгний С вирусийг нээсэн нээлтээрээ Америкийн Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн эмч-судлаач Харви Алтер, Канадын Альберта мужийн их сургуулийн профессор Майкл Хаутон, Америкийн Рокфеллерийн их сургуулийн профессор Чарльз Райс нар хүртлээ. Гурван эрдэмтэн Нобелийн шагналыг дагалддаг 10 сая швед кроны ($1.1 сая) мөнгөн шагналыг хувааж авах юм.
Нобелийн шагналын хороо тэднийг “Элэгний хатуурал, элэгний хорт хавдар үүсгэдэг дэлхий дахины эрүүл мэндийн томоохон асуудалтай тэмцэх үйлсэд чухал хувь нэмэр оруулсан” гэж үнэлсэн байна.
Дэлхийн дахинд 71 сая орчим хүн С вирусийн архаг халдвартай бөгөөд одоогоор С вирусээс үүдэн жилд 400 мянган хүн нас бардаг аж. Тэр дундаа АНУ-д уг вирус ихэвчлэн тариураар халддаг ажээ.
Шведийн нийслэл Стокгольм хотод арван хоёрдугаар сарын 10-ны өдөр шагналаа гардан авах байсан ч цар тахлын улмаас ёслолын ажиллагааг виртуал горимд зохион байгуулахаар болжээ.
Өнөөдөр орой энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагналтныг зарлах юм.
Л.Баяр