Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Төв, Говьсүмбэр аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болов.
Энэ жил Төв аймгаас нийтдээ 421 ээжид, үүнээс 33 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 388 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа. Харин Говьсүмбэр аймгаас нийтдээ 65 ээжид, үүнээс 8 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 57 ээжид Хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртээсэн юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Эрхэм хүндэт ээжүүд ээ,
Энэрэл, хайрын дээд ачит эхчүүд ээ,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний баялаг, өрх гэрийн баяр баясгалан болсон бяцхан үрсээ энэрэл хайраар дутаалгүй өсгөн хүмүүжүүлж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Зүйрлэн хэлж боломгүй нандин сэтгэл, талархан хайрлаж дуусамгүй их ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жилдээ нэг удаа хүндлэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж ирсэн сайхан уламжлалтай.
Энэхүү уламжлалыг хадгалан үргэлжлүүлж, “Эхийн алдар” одонг хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Улмаар Монгол орноо тойрон 16 аймагт ажиллах үеэрээ, мөн нийслэлийн есөн дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулаад байна.
Өнөөдөр Төв аймгийн 421, Говьсүмбэр аймгийн 65 ээжид “Эхийн алдар” одонг нь гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд халуун баяр хүргэж, гэр бүл, энхрий үрсэд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Мөн өнөөдөр одонгоо зэрэг гардан авч байгаа эгч дүүс Зуунмод сумын иргэн Энэбишийн Золжаргал, Энэбишийн Золбаяр нарт, мөн өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Өндөрширээт сумын иргэн Сүрэнжавын Даваадулам нарт аз жаргал сайн сайхныг хүсье.
Хүн ам цөөтэй манай улсын хамгийн үнэт баялаг нь хүн, тэр дундаа хүүхэд юм. Тиймээс өнөөдөр эхчүүд үр хүүхдээ эрүүл, аюулгүй, таатай нийгэмд өсгөн хүмүүжүүлж чадаж байна уу, төр энэ нөхцөлийг нь бүрдүүлж чадаж байгаа юу гэдэг нь нийгмийн бодлогын тулгамдсан асуудал боллоо.
Үндэстний ирээдүй болсон хүүхэд багачуудыг шинэ монголын иргэн болгон өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, боловсролыг бодлогоор дэмжих, хүүхэд хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлэх нь төрийн үүрэг билээ. Ингэж байж л монголын ирээдүй аюулгүй байна гэсэн үг.
Тийм учраас миний бие өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд хүртээх, хүүхэд хамгааллын бодлогыг нягтруулах, хэрэгжилтийг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг санаачилж ажилласан. Цаашид хүүхдийн мөнгийг бууруулахгүйгээр, ямар ч ялгаваргүйгээр тогтвортой олгохын хамт ээжүүдийн хөдөлмөр зүтгэлийг бодитойгоор үнэлж цэгнэх цаг болсон гэж үзэж байна. Энэ чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газартай хамтран ажиллаж, шахаж шаардан ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авсан үзэсгэлэнт ээж нартаа болон Төв, Говьсүмбэр аймгийн нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.
Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.