Дорноговь аймгийн Улаанбадрах суманд үйл ажиллагаа явуулж буй “Бадрах-Энержи” компанид хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Тус компанийн үйл ажиллагаатай холбоотой буюу урантай холбоотой шүүмжлэл нийгэмд гарсан учраас үүнийг нягтлах зорилгоор ажлын хэсэг томилон ажиллуулсан байна.
Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга, Цөмийн аюулгүй байдлын бодлогын газрын дарга Нямдаваа: Манай дэд ажлын хэсэг ураны цацрагийн хэмжилт хийлээ. Үлйдвэрийн буюу цацрагийн тун өдөр гарсан газраас 10-100 метрийн зайд холдоход байгалийн байх ёстой хэмжээндээ байна. Тиймээс ураны цацрагийн нөлөөгөөр хүн, мал хордох нөхцөл бүрдээгүй тул тус сумын иргэд тайван байж болно. Мөн уснаас нь дээж авч шилжилгээ хийхэд ямар нэгэн хорт бодис илрээгүй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг: Бадрах-Энержи” компани байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхийг манай дэд ажлын хэсэг судлахдаа хөрсний дээжийг 11 газраас авсан. Үүнийг зургаад нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарсан.
Мөн 16 худаг, нэг булгаас дээж авч шинжилгээ хийсэн. Дөрвөн худагт нь уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их гэсэн дүн гарлаа. Удаан хугацаагаар энэ усыг ашиглавал хүн, малын эрүүл мэндэд эрсдэл учрах магадлалтай. Тиймээс тухайн дөрвөн худгийг ашиглахгүй байх зөвлөмжийг сум орон нутгийн удирдлагуудад өгсөн.
Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн газрын хэлтсийн дарга Жаргалсайхан: Хүний эрүүл мэндтэй холбоотой дэд хэсэг маань 198 хүнээс асуумж судалгаа авсан. Мөн Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын сүүлийн таван жилийн эрүүл мэндийн статистик мэдээнд дүгнэлт хийсэн.
Улаанбадрах сумын иргэдийн гол өвчилж буй таван өвчний тоо хэмжээ бусад сумдынхтай ойролцоо байгаа нь тогтоогдсон. Сүүлийн таван жилд Дорноговь аймагт эхийн эндэгдэл гараагүй. Нялхасын эндэгдэл 2015 онд 1000 амьд төрөлтөд 12.3 байсан бол 2019 онд 7.4 болж буурсан байна. Амьгүй төрөлтийн тоо 2015 онд гурав байсан бол 2019 онд тав болсон.